Уншиж байна ...
Зураг
Зураг

Германы нийлүүлэлт эрэлтээсээ давснаар эрчим хүчний үнэ хасах утгатай тоонд хүрэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн өглөө Герман улсад эрчим хүчний үнэ тариф хэсэгхэн хугацаанд хасах утгатай тоонд хүрсэн нь нийлүүлэлт эрэлтээсээ давсантай холбоотой байлаа.

Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд Европын орнуудад ажиглагдах болсон нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнийх юм.

Өчигдөр өглөө Германы салхины эх үүсгүүрүүдийн үйлдвэрлэл огцом өсөж 40 гигаватт хүрэхэд эрчим хүчний тариф дөрвөн цагийн турш тэгээс бага хэмжээнд хүрсэн байна.

Гэхдээ айл өрхүүдийн эрчим хүчний үнэ тарифыг урьдчилж тогтоодог тул үүнээс ямар нэг төлбөрийн буцаалт тооцогдохгүй юм.

Өнгөрсөн онд Германд эрчим хүчний тариф тэгээс бага утгатай болсон нийт хугацаа 468 цаг байжээ.

Энэ нь өмнөх оны 292 цагаас 60 хувиар өссөн үзүүлэлт юм.

Их Британид ижил хугацаанд тэгээс бага тарифтай цагийн тоо 70 хүртэл хувиар өссөн бол Франц улсад хоёр дахин өссөн байна.

Үүний улмаас зургаадугаар сард Франц улс зарим цөмийн цахилгаан станцуудаа унтраахад хүрч байжээ.

Харин Испани улсад өнгөрсөн онд анх удаагаа эрчим хүчний тариф тэгээс бага утгад хүрсэн байна.

Цаашдаа нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр ийм илүүдэл улам нэмэгдэх юм.

2023 онд Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний нийт хөрөнгө оруулалт $110 тэрбумд хүрч, өмнөх жилээсээ 6 хувиар өссөн байна.

Украины дайн Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хувьсгалыг улам хурдасгасан юм.

Уг дайнаас өмнө Европын нийт эрчим хүчний дөрөвний нэгийг байгалийн хийгээр үйлдвэрлэдэг байв. Үүний ихэнх нь Оросоос нийлүүлэгддэг байжээ.

Тэгвэл одоо Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн эзлэх хувь хэмжээ эрчимтэй нэмэгдэж, 2030 он гэхэд 45 хувьд хүрэх төлөвтэй байна.

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн нэг сул тал нь уур амьсгалын нөлөө байдаг. Тухайлбал нар, салхигүй өдөр үйлдвэрлэл нь буурдаг. Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь батарей буюу нөөцлүүрийн технологийг хөгжүүлэх юм.

 

Эх сурвалж: Business Insider