Уншиж байна ...
Зураг
Зураг

Өмнөд Солонгосын шүүх ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлах захирамж гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын баруун тойргийн шүүх өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлах захирамж гаргажээ.

Тус улсын түүхэнд анх удаа бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа ерөнхийлөгчийг хуулийн байгууллага баривчлахаар болж байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр цэргийн дэглэм зарласантай холбогдуулан Өмнөд Солонгосын парламент Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа юм.

Өндөр албан тушаалтнуудын авлига, албан тушаалыг мөрдөх албаныхан өмнө нь Юн Сүк Ёлд ирж байцаалт өгөх зарлан дуудах хуудас гурван удаа хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна.

Тиймээс баривчлах захирамж гаргуулахаар шүүхэд ханджээ.

Шүүх Юн Сүк Ёлыг 48 цагийн хугацаанд баривчилж, мэдүүлэг авах зөвшөөрлийг мөрдөн байцаагчдад олгосон байна.

Мөн түүний амьдардаг өргөөнд нэгжлэг явуулах зөвшөөрлийг олгожээ.

Өмнө нь ийм ажиллагаа явуулах гэхэд ерөнхийлөгчийн хамгаалалтын алба саад болж байсан юм.

Энэ удаа ерөнхийлөгчийн хамгаалалтын алба мөрдөн шалгах ажилд саад учруулахгүйгээ мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын парламент болох Үндэсний Ассамблей энэ сарын 14-ний өдөр Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг олонхын саналаар гаргаж байв.

Одоо тус улсын Үндсэн Хуулийн Шүүх арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш 180 хоногийн дотор ерөнхийлөгчийг огцруулах эсэх талаар шийдвэрээ гаргах ёстой.

 

Эх сурвалж: Yonhap News