ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

1968 оны Оскарын шагналт “Ромео, Жульетта хоёр” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин 73 насандаа таалал төгсөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

1968 онд Холливүүдэд бүтээгдсэн “Ромео, Жульетта хоёр” киноны гол дүрд тоглосон жүжигчин Оливиа Хасси 73 насандаа таалал төгсжээ.

Түүнийг Баасан гарагт “хайртай хүмүүсийнхээ гар дээр амар амгалан амьсгал хураасан” тухай ар гэрийнхэн нь өчигдөр жүжигчний Инстаграм хуудсаар мэдэгдсэн байна.

15 настай Хассийг найруулагч Франко Зеффирелли анх Уилльям Шекспирийн эмгэнэлт зохиолоор бүтээх уран сайхны кинондоо тоглуулахаар сонгож байжээ.

Түүний хамтрагч Ромеогийн дүрийг Британийн жүжигчин Леонард Уайтинг 16 настайдаа бүтээсэн юм.

“Ромео, Жульетта хоёр” кино тухайн үедээ Оскарын хоёр шагнал хүртэж, “Алтан Бөмбөрцөг” наадмын шилдэг залуу жүжигчний шагналыг Хасси хүртэж байжээ.

зураг
 
Зүүн гар талаас найруулагч Зеффирелли, Хасси, Уайтинг нар

Олон жилийн дараа Хасси, Уайтинг нар бэлгийн дарамт, хууран мэхлэлтийн хэргээр Paramount Pictures студийг шүүхэд өгч байв.

Киноны ор дэрний үзэгдэлд тоглуулахдаа тэдэнд биеийн өнгөтэй хувцас өмсүүлэх амлалтаа биелүүлээгүй, бас нүцгэн биеийг нь камерт тод харуулахгүй гэж хууран мэхэлсэн хэрэгт студийг буруутгаж байжээ.

2023 онд Лос-Анжелесын шүүх “киноны зураглал хүүхдийн садар самуун материалд хамаарахгүй, хэтэрхий олон жилийн дараа гомдол гаргасан” гэсэн үндэслэлээр тэдний заргыг хэрэгсэхгүй болгосон юм.

зураг
 
Жүжигчин Оливиа Хасси

“Хөөрхөн Жульетта минь тайван нойрс доо. Одоо чамд минь ямар ч шударга бус явдал гай болохгүй. Гадаад болон дотоод гоо үзэсгэлэнг чинь дэлхий ертөнц үүрд санан дурсах болно” гэж жүжигчин Уайтинг уран бүтээлийн хамтрагчийнхаа араас эмгэнэн гашууджээ.

Хасси 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Аргентины Буэнос-Айрес хотод мэндэлж, бага насандаа Лондонд шилжин суурьшсан юм.

Тэрбээр “Italia Conti Academy” драмын урлагийн сургуулийг дүүргэжээ.

Хасси 1977 онд “Jesus of Nazareth” телевизийн цувралд Есүсийн эх Мэрийн дүрийг бүтээж, 1978 онд Агата Кристийн “Нил мөрөн дээрх Үхэл” зохиолоор бүтээсэн киноны гол дүрд тоглож байв.

Бас “Black Christmas”, “Psycho IV: The Beginning” аймшгийн төрлийн кинонуудад дүр бүтээж байжээ.

Тэрбээр нөхөр Дэвид Глэн Эйслитэй хамт амьдрахдаа гурван хүүхэд, нэг ачтай болсон хүн юм.

 

Эх сурвалж: Associated Press