Украины зэвсэгт хүчний удирдлага өчигдөр олзлогдсоныхоо дараа шархаа даалгүй нас барсан Умард Солонгосын цэргийн өдрийн тэмдэглэлийг нийтэд үзүүлжээ.
Байлдагч Жон Кён Хон энэ долоо хоногийн Пүрэв гарагт ОХУ-ын Курск мужийн нутагт Украины цэргүүдэд олзлогдсон ч маргааш нь шархаа даалгүй нас барсан юм.
“Би өршөөж боломгүй гэмт хэрэг үйлдсэн боловч эх орон минь надад амьдрах шинэ боломж олгосон юм. Хэрвээ би энд ялалт байгуулаад эх орондоо буцвал хайрт намдаа өргөдөл гаргах болно” гэж уг тэмдэглэлд бичсэн байна.
Яг ямар утгатай өргөдлийн талаар бичсэн нь тодорхойгүй байгаа юм.
Байлдагч өөрийгөө армийн түрүүч цол авсны дараа намаас урвасан гэм буруутайг бичжээ.
Эндээс харвал Умард Солонгосын дэглэм амьд буцаж ирвэл өршөөх болзолтойгоор ялтнуудыг ОХУ руу илгээсэн бололтой.
Байлдагч тэмдэглэлдээ “Энэхүү ажиллагаанд би ямагт тэргүүн эгнээнд тулалдаж, нөхөр командлагчийнхаа өгсөн тушаалыг амиа алдсан ч хамаагүй ямар ч болзолгүй, үнэнчээр биелүүлэх болно” гэж бичжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!