Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Иргэн Т-г өнөөдөр ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрлийг өгсөн

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэрэг, үүнтэй холбоотой саатуулагдсан иргэдийн талаар ​ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа хэргүүдийн талаар ЦЕГ-аас албан ёсоор энэ сарын 17-нд мэдээлэл хийсэн.

Үүнээс хойш бидний хийсэн мэдээллүүд буруу ташаа ойлголт төрүүлэх, хэргийн бодит үнэнийг гуйвуулах зэрэг байдлаар хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Тиймээс өнөөдөр албан ёсны мэдээлэл хийж байна.

Нэгдүгээрт, "Шинэ Төмөр зам" төсөлтэй холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагаас анх шалгасан. Дараа нь Улсын Дээд Шүүхээс харьяалал тогтоож, АТГ-т уг хэргийг шалгуулахаар шилжүүлсэн.

Ингээд АТГ, Цагдаагийн байгууллага хамтарсан ажлын хэсэг гарган тус хэрэг дээр ажиллаж байна.

Тиймээс тус хэргийг анх цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд түүнчлэн Энержи Ресурс компанийн иргэн О-г байцааж, улмаар батлан даалтад гаргахыг Цагдаагийн байгууллага шийдсэн.

Хоёрдугаарт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ДАНГААРАА шалгаж байна

Уг хэрэг нь "Шинэ Төмөр зам" төслийн хэрэгтэй ямар ч ХАМААГҮЙ.

Тус хэрэгтэй холбогдуулан иргэн Э-г хотоос гарч явахад нь цагдаагийн байгууллага мэдээллэж, Төв аймгийн Лүн сумд түр саатуулан байцаалт авсан. Тухайн үед Э нь бага насны хүүхэдтэй хамт явж байсан. Үүний дараа Э-г батлан даалтад гаргасан бөгөөд шалгалтын үйл ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилж байна.

Мөн энэ хэрэгт сэжиглэгдэж буй иргэн Т-тэй холбоотой асуудал нь Эрүүгийн хуулийн 148.4, 166.1 буюу мөнгө угаах, залилан хийсэн гэх "онц хүнд гэмт хэрэг" гэсэн заалтад хамаарагдсан.

Түүнийг шалгах явцад өмгөөлөгч нь "Хөхүүл хүүхэдтэй хүнийг хууль зөрчиж цагдан хорилоо. Гэрт нь нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлгаагүй. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-т заасан заалтын дагуу хөхүүл хүүхэдтэй хүнийг цагдан хорьж болохгүй" гэсэн мэдэгдэл хийсэн.

Гэвч Цагдаагийн байгууллагаас түүний гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулж, нэгжлэг хийсэн. 

Түүнчлэн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-т эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан шинжийг агуулаагүй бол цагдан хорихгүй гэж заасан байдаг. Гэтэл энэ хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэл байсан учир Цагдаагийн байгууллага хуулийн дагуу прокурорт хүсэлтээ хүргүүлж, улмаар прокуророос шүүхэд уламжилснаар цагдан хорих үйл ажиллагаа явагдсан.

Харин ар гэрийнхэнтэй нь уулзуулах асуудлын хувьд өмгөөлөгч нь албан ёсоор эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102-т заасны дагуу хүсэлт гаргах ёстой байдаг. Түүний өмгөөлөгч нь хүсэлтээ өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагчдад хүргүүлсэн. Хуулийн дагуу хүсэлтийг таван хоногт шийдэх ёстой.

Үүний дагуу Иргэн Т-г өнөөдөр буюу нэг хоногийн дотор хариу өгч, өнөөдөр ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрлийг өгсөн.

Аливаа хэргийн мөрдөн байцаах ажил явагдаж байгаа үед ЦЕГ-ын дарга, УИХ-ын гишүүн нөлөөлөх ямар ч БОЛОМЖГҮЙ. Бүх асуудлууд хуулийн дагуу шийдэгддэг гэдгийг олон нийт ойлгож, хэвлэл мэдээллийнхэн үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж байгаасай гэж хүсмээр байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн мөрдөн байцаах явцтай холбоотой нарийн мэдээллүүдийг прокурорын зөвшөөрлийн дагуу хүргэдэг. 

Тиймээс мөрдөн байцаах ажилд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй байхыг хүсье" гэлээ.