Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан эмэгтэйг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон өөр гурван эмэгтэйг баривчилжээ. 

Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг өчигдөр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилсан байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-нд Х.Баттулгын өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийсний дараа цагдаагийн ажилтнууд Г.Түвшинжаргалын гэрт нэгжлэг хийн 19:00 цагийн үед баривчилжээ

Г.Түвшинжаргал нарын дөрвөн эмэгтэйг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаатай холбоотойгоор саатуулсан хэмээн эх сурвалж хэллээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Г.Түвшинжаргалтай хамт баривчлагдсан гурван эмэгтэйн тухайд байгаль орчны үнэлгээ хийдэг "Натур фрэйндли" компанийн ажилтнууд аж. Тэднийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор 32 мянган га талбайд байгаль орчны үнэлгээ хийхээс 19 мянган га-д үнэлгээ хийн, улсад таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Энэ сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх дөрвөн эмэгтэйд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болох юм байна. Энэ хурлаар тэднийг цаашид цагдан хорих уу батлан даалтад гаргах уу гэдгийг шийдэх ажээ.