УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өчигдөр буюу гуравдугаар сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.
Харин уг мэдээлэлд тайлбар болгох үүднээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү “Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар АТГ-т хандаж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр "Цагдаагийн байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж байна" гэж ямар нэгэн баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого хийсэн.
“Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой хэргийг анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг хэрэгт албан тушаалтан холбогдсон тул Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг АТГ-т шалгах харьяалал тогтоосон бөгөөд одоо уг хэргийг цагдаагийн байгууллага АТГ-аас хамтарсан ажлын хэсэг прокурорын байгууллагын хяналтан дор мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байгаа” гэлээ.
-П.Пүрэвбаатар өмгөөлөгч өчигдрийн мэдээллийнхээ үеэр “Энержи ресурс рэйл” компанийн захирал Л.Оюунбатыг АТГ-аас баривчлангуут цагдаагаас сулласан гэсэн. Ямар үндэслэлээр түүнийг сулласан юм бэ?
-Цагдаагийн байгууллагаас “Энержи ресурс рэйл” компанийн захирал О-г “Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой хэрэгт тусгаарлан шалгаж тодруулах шаардлага байсан тул сэжигтнээр баривчлан саатуулж шалгалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс О-г цаашид үргэлжлүүлэн саатуулан шалгах шаардлагаггүй гэж үзэн батлан даалтад өгч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн хурал дээр “ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис уг хэрэгт хөндлөнгөөс оролцож О-той хуйвалдсан түүнийг хууль бусаар сулласан" гэж ямар нэгэн баримт нотолгоогүй өөрийн таамагласан зүйлийг үнэн бодит мэтээр олон нийтэд ойлгуулахыг зорьсон нь хувь хүнийг ажил үүрэгтэй нь холбогдуулан гэмт хэрэгт гүтгэх, цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүнийг гутаах оролдлого хийсэн гэж үзэж байна. Хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагын удирдлага тэр дундаа ЦЕГ-ын дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломжгүй, хуулиар хориотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-“Энержи ресурс рэйл” компанитай Р.Чингис даргыг холбоотой гэж мэдээлсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-MCS компанитай Р.Чингис дарга холбоотой учраас иргэн О-г сулласан гэж ярьсан байсан. “Энержи ресурс рэйл” компани нь MCS-ын нэг компани. Тус компанитай холбоотой хэргийг анх цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Иргэн О-г ч гэсэн цагдаагийн байгууллага баривчилсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Ажлын хэсгийг ахалж байгаа хүн тогтоол шийдвэрийг албажуулдаг. УЕПГ-аас харьяалал тогтоосны дагуу АТГ-т ажлын хэсэг гарч, ажлын хэсгийн ахлагчаар тэндэхийн ахлах мөрдөн байцаагч томилогдсон. Тэндээс тогтоол үйлдэж, баривчлах суллах шийдвэрийг гаргасан.
Хэрвээ MCS компани болон иргэн О-той холбоотой байсан бол анхнаасаа энэ хэргийг шалгахгүй байх байсан. Үргэлжлүүлэн саатуулан шалгах шаардлагагүй гэж мөрдөн байцаагч үзсэн учраас ажлын хэсгийн зүгээс тухайн хүнийг батлан даалтад гаргасан.
-Цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж байна гэлээ. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагах, цаашлаад хэргийн шалгалтад хөндлөнгөөс нөлөөлөх, улс төржүүлэх, удаашруулах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хэрэв дахин энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!