Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Уянга: ХҮҮХДИЙГ БҮҮ ХЭЛМЭГДҮҮЛ! Хүүхэд ээжтэйгээ байх ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал нарын дөрвөн эмэгтэйг үргэлжлүүлэн 14 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байсан.

Хоригдож буй Г.Түвшинжаргал нь бага насны хөхүүл хүүхэдтэй. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ асуудалд эмзэглэж Ганц худагт очоод иржээ.


 

Тэрбээр "Ганц худагт очиход мөөмөө хөхөх гэсэн ой 4 сартай бяцхан хүү аавтайгаа гадаа нь байна. Удирдлагууд нь байсангүй, орлогч дарга Э.Тамир "Хуулиар мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр хоригдогчийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах ёстой" гэлээ. 

УМБГ очиж хэргийг мөрдөн байцааж байгаа хошууч Ч.Пүрэвдоржтой уулзаад хүнлэг байж хүүг ээжтэй нь учруулж, мөөмөө хөхөхийг зөвшөөрөхийг гуйлаа. Хошууч "Дээрээ удирдлагатай, тэдэндээ мэдээлнэ" гэж байна. Би, "Та нар хоорондоо ямар бичиг солилцох нь ямар ч хамаагүй, зүгээр л элдэв бичиггүйгээр хүүхэд хоолло" гэж хатуу хэлсэн болно.

Хуульзүйн сайдад ЦЕГ-ын дарга Р.Чингис "Ээжийг цагдан хорих шаардлагатай, хүүхэд 3 настай" гэж мэдээлжээ. Р.Чингис дарга өнөөдөр мэдээллийг үнэн зөв авсан гэж найдаж байна. Хүү ой 4 сартай, бор хоолонд бүрэн орж амжаагүй, дээр нь ханиадтай, нүднээс нь байнга нулимс гоожиж байна.

Хуульзүйн сайд Д.Дорлигжав, "Ийм хүүхэдтэй эхийг хорих санал оруулсан мөрдөн байцаагч, түүнийг шүүхэд шилжүүлсэн прокурор, хорих шийдвэр гаргасан шүүх бүгд л хариуцлага алдсан байна. Тэдний алдааг засаад өнгөрч боломгүй..." гэлээ. Би сайдтай санал нэг байна!

Намайг бага хүүгээ гаргаад 7 хоноогүй байхад тухайн үеийн Байгаль орчны сайд Л.Гансүхийн хүсэлтээр баривчлан хорихоор цагдаа нар гэрийн хаалгыг эвдэн орж ирж байж билээ. Дараа нь нь хүү минь хэдхэн сартай байхад гэрийн гаднаас микроавтобустай цагдаа нар шүүрэн авч баривчилж байж билээ. Ойтой хүүхдийг эхээс нь салгаж хоолгүй хонуулдаг энэ чинь тэгээд нөгөө байгуулах гээд 25 жил зүтгэсэн "хүмүүнлэг, иргэний, ардчилсан" нийгэм чинь юм уу?

Бусдыг нь биш юм аа гэхэд ядаж хүнлэг бай! Хүүхдийг бүү хэлмэгдүүл! Энэ адгууслаг шийдвэрийг эх хүний хувьд би эсэргүүцэж байна! Хүүхэд ээжтэйгээ байх ёстой!

Ээжүүд ээ, ой дөрөвхөн сартай бяцхан хүүг мөөмөө хөхөх эрх чөлөөг нь олгохын төлөө нэгдэхийг уриалж байна!" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.