Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болормаа: Бизнесийн онцлогт тохируулан Нягтлан бодох бүртгэл, Аудитын хуулийг шинэчилсэн

Зууны мэдээ
2016 оны 2 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

-Албаны хүний үг-

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд баталсан. Энэ талаар Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаатай ярилцлаа.

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд баталсан. Энэ талаар та уншигчдад мэдээлэл өгөөч?

-Манай улс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг анх 1993 онд, Аудитын тухай хуулийг 1997 онд баталсан. Үүнээс хойш шинэчилсэн найруулга,нэмэлт өөрчлөлт хийгээд явж байсан.

2008 онд Дэлхийн банк, манай улсын нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд судалгаа хийгээд, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн нийгэм эдийн засгийн харилцаанд ч нэлээдгүй өөрчлөлт орсноос хоёр хуулийн төслийг хамтад нь боловсруулах шаардлага дотооддоо мөн адил үүссэн юм.

Эдгээр хуульд Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу 2011 оноос хойш судалгаа хийж дотоод, гадаад зөвлөхүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Мөн хуулиуд олон улсын нийтлэг практиктай нийцэж байгаа эсэхийг ч судалсан. Ингээд 2015 оны зургадугаар сарын 19-нд УИХ-аар батлуулсан.

-Манай улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь дотоодоос гадна гадаад талд анхаарлын төвшинд байгаа гэж мэргэжилтэн хэлж байсныг санаж байна?

-Тиймээ. 2015 оны арванхоёрдугаар сард "‘The accountant” олон улсын сэтгүүлд дүгнэлт байдлаар нийтэлснээс харахад Монголын нягтлан бодох бүртгэл, аудитын шинэчлэл олон улсын анхааралд байсныг харж болно. Энэхүү шинэчлэлээр нэгдүгээрт, санхүүгийн тайлан тушаахтай холбоотой хүндрэлийг бууруулъя.

Хоёрдугаарт, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага руу шилжүүлж, төрийн ачааллыг багасгая. Гуравдугаарт, нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжье гэж зорьсон.

Хуучин хуулиараа санхүүгийн тайланг улирал бүрт цаасаар, мөн цахимаар давхар хүлээж авдаг байсан. 

Хуучин хуулиараа санхүүгийн тайланг улирал бүрт цаасаар, мөн цахимаар давхар хүлээж авдаг байсан. Анх хууль батлагдах үед нийт 20 мянга гаруй аж ахуй нэгжтэй байсан бол одоо 100 мянга гаруй болсон байна. Тэгэхээр ачаалал эрс өссөн гэсэн үг. Үүнээс гадна эцсийн мөчид амжуулахаар дараалал үүсгэдэг муу зан монголчуудад бий. Энэ нь бизнес эрхлэгчдэд асар их цаг заваа барсан зүйл болдог байсан.

Мөн хуучин Аудитын хуульд байгууллагын хөрөнгийн дүн нь 50 сая төгрөгөөс дээш бол заавал аудит хийлгэхээр заасан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дарамт үүсэх болсон. Энэ мэтчилэн зайлшгүй засах шаардлагатай зүйл заалтуудыг өөрчилж, шинэчилсэн. Хуулийн шинэчлэлээр санхүүгийн тайланг жижиг, дунд бизнес эрхлэгчид зөвхөн цахим хэлбэрээр жилдээ ганц удаа өгнө гэж оруулсан. Харин том байгууллагуудын хувьд жилд хоёр удаа, цахимаар хүлээж авахаар боллоо.

-Тэгэхээр аж ахуйн нэгжүүд жилд ганц удаа тайлан өгнө гэсэн үг үү?

-Зарим хүмүүс жилд ганц удаа тайлан гаргадаг болсноор ухралт болж байна гэж хэлж байгаа. Гэвч төрийн байгууллагыг мэдээллээр хангахын тулд жилдээ нэг удаа тайлан илгээхийг хуульчилсан юм шүү дээ. Түүнээс байгууллагынхаа тайланг жилд нэг удаа гаргахаар хуульчлаагүй бөгөөд cap, улирал, жилээр хэрхэн гаргах нь тэдний асуудал.

-Аудитын хуулийн шинэчилсэн найруулгаар ямар асуудлыг тодруулав?

-Хуулиар хувьцаат компани, төрийн өмчит компаниуд, нам, банк, санхүүгийн байгууллагууд зэрэг нь заавал аудит хийлгэхээр заасан. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд шаардлагатай тохиолдолд л үүнийг хийлгэнэ гэж оруулсан.

Үүнээс гадна мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийг нь хүчингүй болгох, олон улсын стандартыг орчуулах, хэрэглээний тайл бар гаргах зэрэг ажлыг төрийн бус байгууллагад шилжүүллээ. Өмнөх хуульд зааснаар мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгохдоо гурван шатлалтай байсныг хоёр шатлалтай болголоо.Үүнтэй уялдан шалгалт авах журмыг шинэчилсэн.

-Тэгвэл мэргэжлийн нягтлан бодогч гэж ямар хүнийг хэлэх вэ. Мэргэшсэн нягтлан бодогчоос ялгаатай тал?

-Үүнийг бас л хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, бакалавр түүнээс дээш зэрэгтэй нягтлан бодогчийг мэргэжлийн нягтлан гэж үзнэ. Тэгэхээр заавал их, дээд сургуулиар мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай.

1993 оноос хойш санхүүгийн тайлан гаргах, хөтлөхдөө зөвхөн мэргэжлийн нягтлан бодогчид хийнэ гэж хуульчилсан. Энэ нь шинэ хуульд ч хэвээр үлдсэн.

Санхүүгийн тайлангийн нэгдүгээр гарын үсгийг тухайн байгууллагын дарга зурна. Харин хоёрдугаар гарын үсгийг заавал мэргэжлийн нягтлан бодогч зурах ёстой. Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийнхээс өндөр төвшний хүмүүст олгодог цол гэж ойлгож болно. Монголд нийтийн ашиг сонирхлын том компанийн санхүүгийн захирал, ерөнхий нягтлан бодогчид ихэнхдээ мэргэшсэн нягтлан бодогчид байдаг.

Хуучин хуульд мэргэшсэн нягтлан бодогчийн ажлын байрыг заасан байсан. Харин шинэ хуульд хэвшмэл болсон гэж. үзээд оруулаагүй.

Бас нэг зүйлийг сайн анхаарах ёстой. Асуудалд орж байгаа компанийн захирлууд “Хэрэв би сайн нягтлан бодогчтой байсан бол хүнд байдалд орохгүй байсан” гэж хэлдэг. Би үүнийг өөр бусад хүмүүст хэлж, сануулдаг.

-Өмнөх хуулийн ямар заалтыг өөрчлөн, шинэчилсэн найруулгаар ямар заалтыг нэмж оруулсан бэ?

-Энэ талаар заалт болгон дээр хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл, шинэчилсэн найруулга гэдэг нь хуучин хуулийн 60 орчим хувийг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, хуулийн баримталж байсан санаа нь хэвээрээ харин хүндрэл учруулаад байсан зүйл заалтыг шинэчлэн өөрчилсөн. Нягтлан бодох бүртгэл дэлхийн хэл. Бид дэлхийн хэмжээнд сэтгэх, бодох, дэлхийн хэлээр нь ярьж ойлголцох хэрэгтэй учраас хуулиа шинэчилсэн.

Мөн мэргэжлийн үүрэг хариуцлагыг сайжруулах зорилготой нэмэлт заалтуудыг оруулсан. Бид бүх аж ахуй нэгжийг нягтлан бодогчтой бай гэж шаардахгүй байгаа.

Яагаад гэвэл, энэ 100 мянга гаруй байгууллагаас 90 мянга гаруй нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тиймээс бизнесийнх нь онцлогт тохируулж бодлого хэрэгжүүлэхгүй бол эсэргээрээ дарамт болох шинжтэй байсныг засч залруулсан.

Зураг