“Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарч, айл хотлоороо жилийнхээ өнгийг бурхандаа даатган засал номоо хийлгэж буй. Нийслэл хотын өнцөг булан бүрт байрлах хийдүүд ч энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд дарагджээ. Шинийн 1-нээс 15-ны хооронд заслаа хийлгэж, буян үйлдвэл түм бумаар арвиждаг гэж монголчууд итгэдэг учир эл өдрүүдэд шашины томоохон хийдүүд жил бүр л хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс манай сонин энэ удаа шашны ном хурах хийдүүдийг зорьж, дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
Зурхайчдын хувьд жилийн ерөнхий төлвийг “Санхүү, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч эв эе дунд зэрэг байна” хэмээж байгаа билээ. Харин энэ жил ямар жилтнүүд тусгайлан засал хийлгэх шаардлагатай эсэх талаар тодруулахаад манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Бадма Ёга дацанг зорьж, Ловон лам Ц.Гүнчин-Иштэй уулзаж ярилцсан юм.
-Муу нүүрт хэмээх гал бичин жилд ямар жилтэй хүмүүс тусгайлан засал хийлгэх шаардлагатай вэ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил их харш буюу Дүнсэр жилтэй хүмүүс тусгайлан засал хийлгэх шаардлагатай. Дүнсэр жилийн хувьд бар. Аль ч онд төрсөн бар жилтэй хүмүүс Дүнсэр засалтай байгаа. Их Харшийн засал гэсэн үг. Бага харшийн засал буюу шишид засалтай хүмүүс мөн бий. Энэ нь гахай болон могой жилтнүүд. Жил орж буй хүмүүс ч гэсэн жилийн заслаа хийлгэх хэрэгтэй.
Жил орж буй хүмүүс ч гэсэн жилийн заслаа хийлгэх хэрэгтэй.
Түүнчлэн, 37-ны жил орж буй бичин жилтнүүд энэ жил мэнгэ голлож буй. Тиймээс жил орж буйн заслаа хийлгэхийн зэрэгцээ, мэнгэний засал хийлгэнэ гэсэн үг юм. Мэнгэний заслын тухайд эхийн насаар 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73 насанд мэнгэ голлож байгаа. Эдгээрээс 55 настай бар жилтнүүд мөн дүнсэр засалтай. Тэгэхээр үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Суудал өнцөгдөх засал гэж байдаг. Гүймэг засал байгаа. Ес, 18, 27, 36, 46 гэх мэт насныхан гүймэг засалтай байгаа.
-Сүсэгтэн олон жилийн ноён нуруугаа тэгш, дүүрэн байлгахын тулд өөр ямар номыг уншуулах хэрэгтэй байдаг юм бол?
-Лам залж аваачаад засал хийлгэж болно. Мөн манай хийд дээр ирээд заслаа хийлгэж ч болно. Улаан юм, Сундуй, Жамбалцанжид, Гурвангүрэм, Чойжодүгжүү, Цэнд зэрэг жилийн ерөнхий ноён нурууны ном уншуулбал зүгээр.
-Тусгайлан засалтай хүмүүс тухайн хийд дээр ирээд заслаа хийлгэхэд шаардагдах эд зүйл гэж бий юу?
-Дүнсэр заслыг хийх гэж буй лам нь шаардлагатай бүх зүйлсийг бэлдчихдэг. Мэнгэний заслын хувьд энэ жил хоёр хар мэнгэ голлож байгаа. Мэнгэний дагуу хар даавуу бэлтгэх тохиолдол мөн бий. Лам бүхэнд өөр өөрсдийн гэсэн олон засал байдаг учир тухайн заслыг янз бүрээр л хийнэ. Дүнсэр ч гэсэн тийм. Ихэнхи лам нар дүнсэр заслыг хийхдээ жижиг арвайн гурил зуураад, түүгээрээ биеийг нь арчуулаад амьсгааг нь оруулаад түүнийгээ хүний дүрстэй болгож, номоо уншаад муу зүгт нь хаядаг.
-Шинийн 15-ны дотор амжиж жилийн заслаа хийлгэх шаардлагатай гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг болохоор гандангууд нэлээд ачаалалтай байх шиг байна?
-Шинийн 1-нээс 15-ны хооронд Бурхан багшийн дүйчин өдрүүд байгаа юм. Энэ өдрүүдэд ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг. Нүгэл хураасан ч гэсэн үрждэг. Ийм учиртай тул шинийн 15 хүртэл элдэв нүгэл үйлдэхгүй, буян хийвэл сайн. Мөн жилийн эх болж буй учир монголчууд тэр жилийнхээ эхлэлийг сайн тавьж ирсэн.
Жилийн эхэнд Цагаан сарын баяраа хийж, ахмад настнаа хүндэлж, заслаа хийлгэж аваад сайн сайхнаар эхлүүлж байна гэж ойлгож болно. Ерөнхийдөө ес эхлэх арванхоёрдугаар сарын 22-ноос шинийн 1-ний хооронд тухайн гарах жилийн заслаа хийлгэж болно. Гэхдээ монголчууд хийсэн буян нь үржиж олон болдог гэдэг утгаараа шинийн 15-нд багтаан заслаа хийлгэдэг.
Бид ийн хөөрөлдсөнийхөө дараа Гандантэгчилэн хийдийг зорив. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрсэн ч, өчигдөр тогтуун, дулаахан байсан тул сүсэгтэн олны хөлд хийд дарагджээ. Жилийн засал, суудал, харш жилийн гэх мэт заслаа хийлгэх хүмүүсээс гадна Жанрайсаг бурхандаа мөргөж, хүрд эргүүлж, хүслийн модонд хүслээ шивнэж, арцаар арвилах, мөн зүгээр л зураг авахуулахаар ирсэн иргэд ч тэнд байгаа харагдсан. Гандантэгчилэн хийдийн хувьд засал номондоо тариф тогтоосон байдаг бөгөөд харьяа дацангуудад тодорхой тариф үйлчилдэг. Дацан бүрийн үүдэнд үнийн тариф өлгөөстэй байх аж.
Жилийн өнгөө даатгахаар ирсэн сүсэгтнүүд тус үнийн тарифийг харж, мөнгөө тушаан номоо бичүүлдэг. Тарифийн хувьд Алтанганжуур гэх мэт томоохон номуудын үнэ нэмэгдээгүй байх хэдий ч, суудал өнцөгдөх болон дүнсэр, гүймэг гэх мэт заслын үнэ 500-2,000 төгрөгөөр нэмэгдсэн байв. Ямартай ч, ловон ламын хэлсэнчлэн дүнсэр заслыг энд 3,000, гүймэг заслыг 5,000, суудал өнцгийн заслыг 500 төгрөгөөр хийж байна. Гэхдээ иргэдийн хувьд жилдээ нэг удаа заслаа хийлгэдэг болохоор ч тэр үү, үнийн хувьд боломжийн гэж байсан юм. Бид Н.Жавзан хэмээх бууралтай уулзаж, үнэ ханш ямар байгааг тодрууллаа.
Тэрбээр “Эмээ нь жил бүр ирж, үр хүүхдээ гэр бүлийнхэнтэй нь хамт даатгадаг юм. Алтанганжуур уншуулаад явж байна. Үнийн хувьд гайгүй. Дараалал байлгүй яах вэ. Гэхдээ гайгүй. Ер нь шинийн 15-наас өмнө амжиж заслаа хийлгэдэг” гэсэн. Үүнээс гадна зурхайчийн өрөөний гадна иргэд дугаарлан зогссон байлаа. Бидэнтэй өглөө 11.00 цагаас эхлэн дугаарлаад зурхайчтай уулзаж чадсангүй гэсээр гэрийн зүг явж буй 40 гаруй насны эрхэм ч тааралдсан.
Сүхбаатар дүүргийн иргэн С.Жанрай гэгч “Дараалал нь дийлдэхгүй байна. Ах нь өглөө 11.00 цагт ирээд, зурхайчтай уулзаж чадсангүй гэр рүүгээ явж байна. Энэ жил суудал өнцөгдсөн юм. Үнэ ханш гайгүй. Маргааш өглөө дахиад ирэх санаатай” гэв. Номын үнэ 500-2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн ч, иргэдэд төдийлөн мэдэгдэхгүй байгаа бололтой. Уулзсан хүн бүр л үнэ боломжийн гэцгээж байсан юм.
Манай сурвалжлах хэсгийн дараагийн зогсоол Мамба дацан хийд. Хийдийн гадна талд олон машин эгнэн зогсохыг харахад л дотор нь хэчнээн олон хүн байгааг мэдэж болохоор байв. Хийд рүү ороход гол хэсэгт нь хоёр эгнээ суудал дээр 20-иод лам суун ном уншиж, баруун зүүн талд нэг нэг ламын урд олон сүсэгтэн сууж засал номоо хийлгэж байгаа харагдлаа.
Хаалганы хоёр талд шашны эд зүйлсийн дэлгүүр, цаахан талд нь ном бичдэг касс байв. Заслаа хийлгэж, уншуулах номоо бичүүлэх гэсэн хүмүүс урт дараалал үүсгэн зогсоно. Харин даллага авахуулах, заслаа хийлгэж байгаа иргэд шашны дэлгүүр дотор мөн л дараалал үүсгэж байлаа.
Номын хувьд Мамба Дацан хийд тогтсон үнэ ханштай учраас номын нэрсээ хэлэхэд л тэд үнийн дүнг танилцуулна. Ойролцоогоор жилийн засал, номоо бичүүлэхэд ам бүлийн тооноосоо хамааран цөөн бол 20,000 төгрөг орчим, олуулаа бол 30,000 төгрөгөөс дээш болох юм билээ.Мөн засал хийлгэхэд ямар ном уншиж байгаагаасаа шалтгаалан үнэ тариф нь өөр өөр байдаг байна. Сүсэгтэн олон ихэвчлэн засал ном, даллага авхуулж байлаа.
“Хүүхдийн хэдхэн ном уншуулахад 7,000 гарчихаж байна. Арай л үнэтэй юм шиг санагдаж байгаа ч нэгэнт л уншуулах ёстой болохоор ингээд явж байна” хэмээн тэнд байсан сүсэгтэн ярилаа. Кассын хажууд очиход хийморийн сан тавиулаад 1,500 төгрөг өгч байгаа хүн байхад, уншуулах ном нь тавин мянга гарсан хүн ч байв. Хүн хүний уншуулж байгаа ном, хийлгэж байгаа заслаас шалтгаалаад хүмүүсийн өгч байгаа мөнгө янз янз байх аж. Э.Бат “Буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэхийг хичээдэг.
Миний хувьд засал 40 мянган төгрөгт багтсан. Ер нь бол 30, 40 мянган төгрөг гаргаад ном уншуулж чадахгүй хүн ч олон байгаа шүү дээ. Гэхдээ номны үнэ ханш өндөр биш байна” гэв. Иргэд шинийн 8-нд ийнхүү урт дараалал болон номоо бичүүлдэг ч тухайн номыг маргааш нь уншдаг гэдгийг зарим нь огт мэддэггүй гэнэ.
Шинийн найман, 15 сайн өдөр ч өмнө өдөр нь ирж хурал, номоо бичүүлэн дараа өдөр нь буюу тухайн өдрөө өөрийн биеэр ирж тухайн хурал, номоо даган баясах нь хамгийн том буян аж. Харин бичүүлсэн номоо өнөөдөртөө багтаж уншуулах хүсэлтэй хүмүүс баруун зүүн талд суух лам дээр очиж уншуулдаг гэнэ.
Сүсэгтэн Б.Туяа "Хувиараа засал хийж, ном хурж байгаа лам нараар заслаа хийлгэсэн нь хамаагүй амар. Хийдэд цугласан хүмүүс шиг олон цагаар хүлээж, өндөр тариф төлөхгүй. За тэгээд, арай гэж өөрийн нэр, уншуулах номоо бичүүлэхээр маргааш нь уншина. Тиймээс хувиараа засал хийж байгаа эдгээр лам нарт сүсгээрээ мөнгөө бариад тэр дор нь заслаа хийлгээд авах нь дээр ч юм шиг санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Иргэдийн хувьд шинийн 15 дотроо багтан тухайн жилийн заслаа хийлгэхээр зорьдог учраас энэ л үед хийдүүд сүсэгтэн олны хөлд ихээр дарагддаг. Манай сурвалжлах багийг тэндээс явахад олны хөл тасрах байтугай шинэ хүмүүс нэмэгдэж ирсээр байсан юм.
Тиймээс бид тус хоёр хийдийг зорьсон юм. Уншуулсан ном, хийсэн буян түм бумаар арвижих нигууртай энэ өдрүүдэд Дашчойлин хийдийн гадна ч тэр хүрд эргүүлж, бурхан шүтээнд мөргөж амь нас эрүүл мэндээ даатгах гэж иргэд холхилдсоор байлаа. Хийдийн баруун талын дуган дотор хүмүүс номоо бичүүлэхээр таван эгнээ болж зогсчээ. Нэг эгнээнд л гэхэд 20 гаруй хүн урт дараалал үүсгэн зогссон харагдана. Урд талын хүмүүс бичүүлээд яваад байгаа атал хүмүүсийн хөл цөөрөхгүй харин ч нэмэгдсээр байлаа.
Дашчойлин хийдийн лам нар сүсэгтэн олны өгсөн мөнгийг л авдаг ажээ. Нэг удаа л бүх засал номоо хийлгүүлчихвэл бүтэн жилээ даадаг гэдэг. Тухайн хүн хэдэн хүнд ном уншуулж байгаа, ямар ном гэдгээс үл хамааран өөрийн боломж, хэмжээгээрээ л мөнгө өгдөг хэмээн тэнд дугаарлан зогссон иргэд ярьж байлаа.
Түүнчлэн зурхайчид үзүүлэхдээ хүртэл мөнгөний тодорхой тариф зааж өгөөгүй бөгөөд тухайн хүний өгсөн мөнгийг л авдаг аж. Өмнөх өдөр нь номоо бичүүлж нэрээ өгсөн хүмүүс маргааш нь ном хурах цагаар ирж сүсэглэн залбирч арц хүж, рашаан, элс авдаг бөгөөд идээ будаанаас хүртэж өөртөө тусгал болгон шингээдэг гэнэ.
Дашчойлин хийд засал, ном, даллага гурвыг тус тусад нь өөр өөр дуганд уншдаг байна. Засал хийх газрын үүд хавьд урдаа улаан утас, хар даавуу, чулуу тавьсан хүн засал хийлгэхэд хэрэгтэй зүйлсийг худалдаалж байлаа. Жишээ нь, Нашдүрүм- 9 хар, 9 цагаанчулуу, Гүймэг-9 харчулуу, Мэнгэ-Хардаавуу, Сүлд дуудах- Малгай, бүс, тавгийн идээ, суудал салгуулах- Улаан утас гэх мэтчилэн хэрэгтэй зүйлсийг нь 500-1,000 төгрөгөөр зардаг ажээ.
Даллага авахуулах хүмүүс өөрсдийн идээ будаа, малгай бүсээ авчирч хурайлан дуудаж сүсэглэн залбирдаг байна. Дашчойлин хийдийн хувьд зурхайч Алтангэрэлийг зорьж ирэх сүсэгтнүүд олон байдаг гэнэ. Бакула ринбүүчийн бэтүв Данжай Чойнхорлин хийд ч гэсэн тариф тогтоогоогүй тул иргэд боломжоороо мөнгө өгдөг юм билээ.
Төв аймгаас нийслэл хотыг зорин ирж, хамаатан садантайгаа золгуут хийхийн зэрэгцээ заслаа хийлгэхээр ирсэн Ё.Батсүрэн гэх бор торгон дээл өмсч дурдан бүс бүсэлсэн хижээл насны эр тус хийдээр үйлчлүүлж байв. Тэрбээр “Бүх засал номоо хийлгээд явж байна. Тариф тогтоогоогүй болохоор амар юм. Ах нь 10 мянган төгрөг өгсөн” хэмээн хуучилсан юм. Хүмүүсийн өгснийг л авдаг буян номын газар байсаар байтал үнийн тариф тогтоосон хийдүүд ч хөл ихтэй байгааг хараад гайхсанаа нуугаад яах вэ. Бүтэн жилийн заслаа нэг удаа хийлгэж байгаа, тэгээд ч буянд гар татаад яах вэ гэсэн бичигдээгүй хууль монголчууд бидний амьдралд үйлчилдэг болохоор тэр биз дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!