Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Богд Хааны Ордон музейд “Нэг өдрийн Цагаан дара эх”-ийг бүтээнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
"Цагаан Дара Эх" Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс...

Их хүрээнд шинийн наймны өдөр Цагаан дара эхийг бүтээдэг байсан уламжлал бий.  Уг уламжлалын тухай Дуламжавын Дамдинсүрэн Их хүрээний нэр урчууд номондоо:  “..... Өндөр гэгээн Занабазарын зурсан 45*35 см хавтгай дөрвөлжин буюу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эхийн загвар зургаар Их хүрээнд 1924 оныг дуустал сар бүрийн шинийн найманд “Цагаан дара эхийг” өдөрт нь багтаан зурж бүтээдэг албан ёсны уламжлалтай байсан бөгөөд тэрхүү бүтээлүүдээс манай музейнүүдэд байдаг юм” гэж тэмдэглэн үлдээжээ. 

Энэхүү уламжлалыг сэргээн Богд хааны ордон музейд “Шинийн наймны Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дара эх” бурхан бүтээх үйл ажиллагааг энэ жил  2016.02.16-ны өдөр 4 дэх удаагаа зохион байгуулж байна. 

Дара эх нь тарнийн ёсны шүтээн бөгөөд Буддын шашинт олон оронд түгэн дэлгэрсэн байдаг. Дара эхийг санскритаар Тара, төвдөөр Долма, Монголоор Гэтэлгэгч эх /дара эх/ хэмээн нэрийддэг. Гэтэлгэгч эх хэмээхийн учир нь Дара эхийг орчлонгийн амьтдыг зовлонгоос үтэр түргэн гэтэлгэдэг гэж үздэгээс үүдэлтэй. Дара эхийг бусдад туслах элдэв үйлийн дагуу их найман аюулаас гэтэлгэдэг гэдэг. Эдгээр найман их аюул нь Арслангийн (омгийн сэтгэл), Галзуу зааны (мунхаг сэтгэл), Галын (өшөө хорсол), Хорт могойн (атаархах сэтгэл), Хулгай дээрмийн (Буруу үзэл), Шорон гяндангийн (уур), Үер усны (шунал хүсэл), Мангасын (тээнэлгэлзэх сэтгэл) аюул юм. Эдгээр нь угтаа гаднаас хүнд халдан ирэх аюулыг биш дотоод сэтгэлээс үүтгэлтэй зовлонг зүйрлэн төлөөлүүлсэн шинжтэй байдаг. Буддизмын үзлээр зовлон хэмээгдэгч нь өөрөө гүн гүнзгий ойлголт гэдгийг үүнээс ч давхар харж болно. 

Дара эх нь тус тусын 21 үйлсийг зохиох 21 Дара эхийн дүрээр байдаг ч түүн дундаас Цагаан дара эх, Ногоон дара эх олны дунд дэлгэр шүтэгдэн ирсэн байдаг. Цагаан дара эхийг Санскритаар Сита тара (Sita tara), Төвдөөр Дол гар (sGrol dkar) (Дол-гэтэлгэгч, гар-цагаан), Mонголоор Цагаан дара эх/Гэтэлгэгч Цагаан (Getulgegci cayan,cayan dar-e eke) гэдэг. Цагаан дара эх нь энэрэл нигүүлсэл, урт насны бурхан бөгөөд  лянхуан өнгөт цагаан лагшинтай, идэр залуухан настай, нэгэн нигур, хоёр мутар, хоёр өлмий, долоон мэлмийтэйгээр дүрслэгддэг. 

Дара эх нь зөвхөн монголчуудын дунд ихэд шүтэгддэг төдий бус ерөөс Буддизмд  маш чухаг, хүндтэй байр суурийг эзэлдэг шүтээн юм. Дара эх нь буддын шашны нэгэн гол үзэл санааны илэрхийлэл болж байдгаараа онцлогтой. Буддизмын үзэл санаанд эр, эм хүмүүс гадаад талаас ялгаатай авч дотоод буюу оюун ухааны талаасаа ялгалгүй ижил хийгээд гэгээрэлд хүрч чадахын тухайтад ав адилхан боломжтой хэмээн үздэг.    

Монголчуудын дунд эртнээс нааш Дара эхийг шүтэх явдал маш түгээмэл. Үүнийг бид өнөө үеийг хүртэл бидэнд уламжлагдан ирсэн Дара эхийн танка зураг, зээгт наамал, цутгамалуудаас харж болох агаад тэдний дундаас Өндөр гэгээн Занабазарын урласан Дара эхүүд монголд төдийгүй дэлхий дахинд алдартай.