Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Г.Батдоржтой ярилцлаа.
-Г.Батдорж гэдэг хүнийг хувь хүн талаас нь мэдэхгүй учраас эндээс ярилцлагаа эхлэе?
-Өөрийнхөө тухай ярихдаа эхлээд удам судраа танилцуулах ёстой.
Миний аав Дэндэвийн Гэндэнпил хуучнаар Эрдэнэ бээлийн хошуу, одоогоор бол Архангай аймгийн Хотонт сумын хүн. Монгол Улсын тусгаар тогтнол, зэвсэгт хүчний бэлэн байдал, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд 43 жил тасралтгүй ажиллаж, удирдаж ирсэн. Аав минь Батлан хамгаалах яамын нэгдүгээр орлогч сайд, армийн командлагч, хошууч генерал цолтой.
Ээж минь Лханаажавын Баянбаатар хуучнаар бол Сартуул хошууны Сартуулын долоон хөх тайжийн удмын хүн, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат. Батлан хамгаалах яаманд мөн л 26 жил тасралтгүй ажилласан. Харин би эдийн засагч, статистикч мэргэжилтэй.
-Цэргийн гэр бүлд өссөн хүү яагаад бизнесийн салбарт орчихов?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд л бизнес рүү орсон гэж болно.
“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бид хоёр 1990 онд дунд сургуулиа дөнгөж төгсөөд анхны ажлаа хамт эхэлсэн юм. Бид хоёр ярилцаж байгаад видео кино гаргаж мөнгө олохоор болов оо. Т.Ганболдынд видео тоглуулагч, манайд өнгөт зурагт байлаа. Т.Ганболдын маань өвөө Хөдөлмөрийн баатар болохоор тухайн үед бид бүгдэд байдаггүй видео тоглуулагч тэднийд байсан юм. Би гэрээсээ өнгөт зурагтаа аваад видео кино гаргана гээд Говь-Алтай аймагт очиж зөвшөөрөл авлаа.
Бас татвар төлөөд тамгатай тасалбар таслаад видео кино гаргаж анх ажил хийж үзсэн гэх үү дээ. Ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэвэл 1994 онд Жадамба гуайн хүү одоогийн УИХ-ын гишүүн Энхбаяртай хамтарч ажил эрхэлж байлаа.
-Аавууд тань нэг дор ажилладаг болохоор найзууд байсан уу?
-Тийм ээ, аавууд маань нэг дор ажиллаж, амьдардаг болохоор гэр бүлийн найзууд байсан.
Бид маш олууллаа найзалдаг юм. Тухайн үед Монголд маш их чадалтай генералууд байлаа. Генералууд, хурандаа нарын нас ойролцоо хамт тоглож өссөн 20 гаруй хүүхэд нийлдэг байсан. Ж.Энхбаяр маань багаасаа биднийгээ удирдах, чиглүүлэх, тоглоомонд ч, зуслан дээр ч, аливаад зохион байгуулдаг байсан.
Бид 1994 он хүртэл ганзагын наймаанд явж байгаад зохион байгуулалтад оръё гээд “Газар” хоршоо гэж байгуулсан. Бидний үеийн 4-5 хүүхэд хувьцаа эзэмшээд Политехникийн дээд сургуулийн багш ах нарыг дагаад “Газар” хоршоо, “Газар” компани дараа нь “Газар” холдинг болж ажиллаж эхэлсэн. 1994 оноос хойш “Алт” хөтөлбөр гэж хэрэгжиж байсан. Тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн харьяа Тосонгийн полигон гэж Төв аймгийн Заамар суманд байсан юм.
Тэр талбай дээр янз бүрийн газраас техникүүд, “Бороо гоулд”-н Монгол Германы хамтарсан экспедици татан буугдаж жаал жуул техник, инженер, техникийн ажилчид амьдардаг байсан “барак” нэрт байшингуудыг бид аваад задалж, Заамарт аваачиж угсраад өөрсдийн анхны тосгон байгуулж ажлын гараагаа эхэлсэн дээ. 1994-1997 он хүртэл алт яаж олборлодог, хэрхэн баяжуулдаг, тушаадаг юм, Монголбанкинд тэр нь ямар тустай байдаг, ажилчдынхаа цалинг тавих гээд Ард юм уу, ХОТШ банкинд хонон өнжин оочерлож байж бэлэн мөнгө авдаг гээд маш их зүйл сурсан.
“Алт” хөтөлбөр дээр ажиллаж байгаад бололцооны хөрөнгө мөнгөтэй болоод бид тухайн үед өмч хувьчлал эхлээд Дэнжийн мянганд байсан хар зах одоогийн “Нарантуул” захын анхны дуудлага худалдаанд оролцоод жаахан амжилт муутай хоёрдугаарт орж билээ. Дараа нь Улсын Их Дэлгүүрийн хувьчлалд оролцтол гуравдугаар байранд орсон.
Танил тал, нөлөө бүхий хүмүүстэй найз биш болохоор бид дуудлага худалдаанд амжилт олохгүй юм байна гээд нэг хэсэг брокерын пүүс ажиллуулсан.
-Тухайн үед брокерын пүүсийн талаар хүмүүсийн ойлголт тааруу байсан. Тэгэхээр та нарт брокерын пүүс ажиллуулах туршлага суух хэрэг гарсан болов уу?
-Тухайн үед улс даяар ягаан тасалбар нэлээд тархсан байсан.
Улс даяар 22 брокерын пүүс байсан. Ж.Энхбаяр бид хоёр ярилцаад тэндээс хөрөнгө мөнгөөр зогсонги байдалтай брокерын пүүсийг бид хөрөнгө оруулж авсан. Орчин үеийн болгож сайжруулаад ажиллаж байсан хүмүүсийг нь хэвээр үлдээгээд Архангайн залуучууд болох Дамдинсүрэн нар брокерын пүүсийг маань удирдаж байсан.
Брокерын пүүстэй болох нь Хөрөнгийн биржид байгаа үйлдвэрүүдийн хувьчлалд орох зорилготой байлаа. Алтнаас жаал жуул хөрөнгө мөнгө бий болчихсон байсан учраас эхлээд “Сүлжмэлийн үйлдвэр”, дараа нь “Дархан нэхий” компанийн хувьцаа, Баянхонгорын Геологийн экспедицийн, “Шевро”, “Гутал” гээд бусад компанийн хувьцаа зэргийг бага багаар авч эхэлсэн. Бидэнд ямар боломж байна хувьцаа л аваад байлаа. Аж үйлдвэрийг хөгжүүлье гэсэн бодлоор ажиллаж байлаа шүү дээ. “Газар” холдингийн хүмүүсийн суурь чиглэл нь уул уурхай байсан учраас геологиосоо холдож чадаагүй. Ах нараасаа их зүйл сурсан.
200 ажилчинтай “Сүлжмэлийн үйлдвэр”-ийг аваад ажилласан. Гадаадаас маш их оёдлын үйлдвэр, тухайн үед Тайвань, Хонконг, Америкийн оёдлын компаниуд орж ирсэн болохоор өрсөлдөх чадвар дутмаг болоод арай өөр чиглэл рүү орсон.
Хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлийн салбараас тодорхой хэмжээний зүйл мэдэж авч, туршлага судалсан. 1999 оноос “Дархан нэхий” компани руу шилжсэн.
-Тухайн үед томоохон үйлдвэр битгий хэл жижиг аж ахуйн нэгжүүдэд ч ажиллахад хүнд байсан. Залуу хүмүүс болохоор зоригтой байсан биз?
-“Дархан нэхий” тэр үед маш хүнд байдалд байсан л даа.
800 гаруй ажилтантай, 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, залуучууд нь Солонгос руу ажиллахаар яваад эхэлчихсэн үе. Тэгээд Э.Батсайхан захирлыг дагаад “Дархан нэхий”-г аваад ажиллууллаа. “Дархан нэхий” компанийг яривал урт түүх. Энэ чиглэлээр нь ажиллуулах гээд нэхий дээл үйлдвэрлэх гэтэл социализмын үеийнх шигээ сайн чанартай үйлдвэрлэж болдоггүй. Гэтэл социализмын үед Дархан, Сэлэнгэд л зөвхөн хоёр сая гаруй толгой “Орхон” үүлдрийн нарийн ноостой хонь өсгөж үржүүлж байсан юм билээ.
Нарийн ноост хонио нутгийн бүдүүн ноост хониор өөрчилсөн байж. Бидний үйлдвэрлэж байсан бүдүүн ноостой хонины нэхий Туркийн, Италийн нэхий дээлтэй чанараараа өрсөлдөхөд хэцүү. Тэгээд бид олон хүний ажлын байрыг хадгалж үлдэх гээд хичээсэн. Дархандаа жин дарах том үйлдвэр байлаа. Ямар ч байсан энэ үйлдвэрийг хааж болохгүй гэсэн зорилготой байлаа. Үйлдвэрийг энэ чиглэлээр нь ажиллуулах ёстой гээд дэлхийн янз бүрийн орон руу явцгаасан. Турк, Өмнөд Солонгос, Хонконг руу туршлага судлахаар явлаа даа. “Дархан нэхий”-г Болгар улсын дэмжлэгтэй байгуулсан үйлдвэр учраас бүх инженерийг Болгар улс үнэ төлбөргүй бэлдэж өгсөн, мэргэжлийн ур чадвар нь маш өндөр. Гэтэл бидэнд түүхий эд хүндрэл болсон. Алтнаас олсон мөнгө ч дуусаад эхэлдэг юм байна.
Тэгээд гадаад явж ирээд маш өндөр хүүтэй зээл Монголынхоо арилжааны банкуудаас аваад ажлаа үргэлжлүүлж эхэлсэн. Манай үндэсний банкууд том туслалцаа үзүүлсэн юм шүү. Ингээд эхэндээ Дорнод Сибирийн төмөр замын гадаа голдуу ажилладаг ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, Өмнөд Солонгост машин угаалгын автомат машины арчигч хүртэл хийж байсан. Тэгж явсны хүчинд “Дархан нэхий” нэг ч жил зогсолгүй ажиллаж өдийг хүрээд байгаа. Тэтгэвэрийн насанд хүрсэн ч гэрээгээр оёдол хийх хүсэлтэй хүмүүст оёдлын машиныг нь үнэ төлбөргүй өгч байсан. Агуулахад байсан түүхий эдээ хямд, социализмын үеийн үнээр тооцож өгч билээ.
Тэтгэвэртээ гарахдаа оёдлын машинаа авч үлдээд үйлдвэрийн ачаалал ихдэхээр манай захиалгыг гэртээ оёдог байдлаар ажиллаж байлаа. “Дархан нэхий” үйлдвэрийг авч явж байгаа Э.Батсайхан захирал бол ажил хөдөлмөр хэрхэн эрхлэх вэ гэдгийг зааж, сургасан багш маань.
Энэ хүнийг дагаж нэлээд зүйл сурсан. Э.Батсайхан захирал одоо хүртэл үйлдвэрээ амжилттай удирдаж байгаа.
-Уул уурхай, хувьцаа, үйлдвэрлэл гээд олон салбарт хүч үзсэн юм байна. Ер нь ажиллаж үзээгүй салбар үлдэж үү?
-Тийм шүү, олон салбарт ажилласан.
Уул уурхайн салбартаа эргэж очиж ажиллаад дараа нь банк санхүүгийн чиглэл рүү ч орж үзсэн. ХААН банкны хувьчлалд ОХУ-ын төдийгүй Европын томоохон банк “Альфа” оролцохоор болоход энэ банкны төлөөлөгчөөр миний бие ХААН банкны хувьчлалд оролцохоор ажилласан. Харамсалтай нь, хувьчлалд ялж чадаагүй нь биднээс гэхээсээ илүүтэй ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай илүү холбоотой.
Харин ХААН банк болон Ц.Баатарсайхан захирлын баг, хамт олон маш сайн ажиллаж байгаад баярлаж явдаг.
-Нэгэнт ярьсных таны хувь эзэмшдэг гэгддэг “Алтайн хүдэр” компанитай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед гарах болсныг асуулгүй өнгөрч болохгүй нь. Одоо энэ компанитай холбоотой ажилладаг уу, хэдий хэрийн хувьцаа эзэмшдэг вэ?
-ХААН банкны хувьчлалын дараа багын найз Р.Базартайгаа 2006 онд хамтраад “Алтайн хүдэр” компанийг байгуулалцсан ч богино хугацаанд бид маш амжилттай ажиллаж чадсан. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын шимтгэл бүрдүүлэлтийн 40 орчим хувийг нь “Алтайн хүдэр” компани бүрдүүлдэг үе ч байлаа.
Яахав дээ, хүмүүст их хэмжээний цалин амлаад түүнийгээ биелүүлээгүй л гэдэг. Гэхдээ бид цаг хугацаатай уралдаж ажиллаж байсан болохоор биеэ бүрэн дайчлаагүй хүмүүст дахин боломж өгөлгүй халж байсан тал бий. Чадвартай, маш сайн баг бүрдсэн байсан юм шүү. Ер нь монголчууд гадаад зах зээлээс өөрсдөө хөрөнгө босгоод хайгуул хийж, нөөцөө тогтоон, олборлож баяжуулаад, тээвэрлэж экспортлоод гадаадын үйлдвэрийн гадаа бүтээгдэхүүнээ хүргэсэн компани Монголд байхгүй ээ.
“Дойчэ” банк, Европын сэргээн босголтын банк туслалцаа үзүүлсэн. Дотоодын банкууд ч гэсэн том дэмжлэг үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Засгийн газраас нэг ч төгрөгийн, татварын дэмжлэг “Алтайн хүдэр” аваагүй. Гэхдээ бид монголчууд эв нэгдэлтэй байж чадвал асар богино хугацаанд бүтээн байгуулах чадвартай ард түмэн гэдгийг нь нотолсон. Асар том туршлага болсон. 2013 оноос хойш үүсгэн байгуулагчдын үзэл бодол өөрчлөгддөг юм билээ. Арай өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол ч байсан гэхэд болно.
Тэгээд “Алтайн хүдэр” компанийн багавтар хувьцаагаа Р.Базарт шилжүүлсэн. Үүний дараахан “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-т ажиллах санал ирсэн. Одоо бол “Алтайн хүдэр” компанитай ямар ч холбоогүй.
-Таныг ажиллаж байх үед “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нэлээд амжилттай, ахицтай байж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” хүртсэн санагдаж байна.
-Энэ үйлдвэр барилгын салбарын уналтын үед ч үүд хаалгаа барилгүй ажиллаж ирсэн.
Үе үеийн чадвартай удирдлагуудын ажиллуулж ирсэн энэ том үйлдвэрийг хүлээж авсан. Урьд нь хийж байснаас минь тэс ондоо ажил. Нэг ёсондоо шалгалт болсон юм даа.
Боловсролтой, чадалтай, ажилдаа дадсан хүмүүстэй хамтарч ажиллах үнэхээр сайхан байдаг юм билээ. Монгол Улсын барилгын салбар дахь өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг ажлынхаа зорилго болгон тавьсан. Ингээд бид 2015 онд Монгол Улсын “Төрийн гэрэгэ” хүлээж авсан анхны компаниудын нэг болж чадсан. Энэ бол төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлсэн амжилттай яваа төслүүдийн нэг. 2015 онд Монгол Улсын эдийн засагт хүнд жил болсон ч бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд богино хугацаанд шинэ технологийг эзэмшсэн.
Хуурай аргын технологийг монголчууд маань анх удаа үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чадсан нь энэ. Үйлдвэрийн үр өгөөжийг улам сайн гаргахын тулд өнгөрсөн аравдугаар сард хувьчлагдлаа.
Төрөөс энэ ажилд томилогдсон хүн учраас ажлаа өгсөн.
-Бизнесийнхэн улс төрд хэтэрхий их хошуурч байна. Төр бизнес хоёр нь хутгалдлаа гэдэг. Бизнесмэн байхаас улстөрч нь илүү байна уу?
-Хувийн хэвшил, төрийн компанид ч ажиллаж үзлээ.
Монголд бизнес хийхэд маш хүнд, байнга шан харамж өгөхгүйгээр ажил явахад хүнд байдаг. Тийм болохоор энэ байдлыг өөрчилж, дараа дараагийн шинэ бизнесмэнүүдийн ажиллах орчинг сайжруулахын тулд улс төрд орох шаардлага гарлаа. Ер нь, монгол хүнийг хэрхэн сайхан ажилтай байлгаж, амьдруулах вэ гэхийн оронд хэн нь илүү халамжлах вэ гэдэг уралдаанд орчихсон. Уул уурхайн түүхий эдийн алтан үеийг бид алдчихсан. Миний удирдаж байсан компани хамгийн багадаа л 300 хүнтэй байлаа.
Манайд ажиллаж байгаа гадаадын жирийн ажилчин, хөрөнгө оруулагч нь ч Монголд юу ч үлдээхгүй. Монгол Улсыг монгол ХҮН л хөгжүүлнэ. 1996 оноос хойш Засгийн газрууд дэндүү мэргэжлийн бусаар асуудалд хандаж ирсэн санагддаг юм. Дэндүү үрэлгэн халамжийн бодлогын үр дүнд Монгол Улс 20 гаруй тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Эдийн засаг маш хүнд байгаа энэ үед бид хувийн ашиг сонирхол, хүүхдүүдээ бодоод гадаадад гараад явчихаж болохгүй. Аав, ээжийн маань байгуулалцсан улс орноо тавиад туучихаж болохгүй ээ.
Миний ойрын хүрээллийнхэн ихэвчлэн л ажил олгогч, бизнесийнхэн, захирлууд. Бид бол менежерүүд. Олон хүний хүчээр юу хийж, бүтээж болдогийг бодож явдаг хүмүүс. Хамгийн гол нь хүнээ боловсруулаад тогтвортой ажлын байртай, ирээдүйдээ итгэлтэй амьдруулахын төлөө л бизнесийн салбарынхан ажил зохион байгуулдаг.
-Үнэхээр болж бүтэхээ байчихаад бизнесийнхэн улс төрд олноороо ороод байх шиг. Хөдөлмөрийн үндэсний нам гэхэд сүүлийн үед маш олон захирлууд, бизнесийн томчуудыг эгнээндээ элсүүлчихлээ. Тэд өөрчилж чадах болов уу?
-Эдийн засгийн нэн тааламжтай сайхан үеийг бид алдчихсан.
Тэр үед л нийтээрээ, Монгол Улс хуримтлал бий болгох байсан юм. Сонгууль гэдэг нэрээр улсын төсвийг захиран зарцуулах эрхийн төлөө хоёр нам уралдаад ард түмэндээ мөнгө тараачихсан.
Харин бид бол хөдөлмөрлөдөг. Бусдыг нь хөдөлмөрлөдөггүй гэсэн үг биш шүү. Монгол хүн үндэсний хэв шинжээ хадгалж байх ёстой. 1942-1989 он бол Монгол үндэстэн хамгийн их хүчтэй хөгжсөн үе. Боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэрлэл гээд бүх салбарт Монгол Улс шинжлэх ухаанч болсон.
-Тэр үеийг онцлох нэг шалтгаан байгаа байх?
-Яагаад гэвэл бид тэр үед шинжлэх ухаанч улс байсан.
Малын тэжээл, мал маллах, үр өгөөжийг нь яаж авах вэ гээд түүнийг дагаад аж үйлдвэржилт хөгжсөн, малчдын амьдрал ахуй сайжирсан, зорилготой болсон юм. Зорилго нь одоогийнх шиг материаллаг биш. Ажил хөдөлмөрөөрөө манлайлсан, хийснээрээ өрсөлдөж бие биедээ үлгэр жишээ болж байсан шүү дээ. Тэр үед бидний үнэт зүйлс хөдөлмөрлөх байсан. Бид үндэсний хэв шинжээ хадгалдаг мал аж ахуй, газраа хайрладаг байлаа. Өөрөөр хэлбэл, бидний өсч хүмүүжсэн 1962-1990 оны үе.
Эцэг эх маань биднийг ийм сайхан цаг үед өсгөж, хүмүүжүүлсэн байхад бид нэг л их ганган хувцас, сайхан машин тэрэг ярьсан, орд харшид амьдрах гэдэг байж болохгүй. Тэгэхээр биднийг хөдөлмөр, үндэсний эрх ашиг нэгтгэж байгаа юм. Хоёр намынхны уралдаад тавьсан өрийг хэн нэг Ерөнхий сайд байсан хүн хариуцахгүй, Монгол Улс хариуцана шүү дээ. Эзэнгүй мөнгө гэж энэ дэлхий дээр байхгүй.
Тэр мөнгийг бид төлөхийн тулд санаа зовж байна. Ямар ч байсан нийгэм, эдийн засгаа эргээд зөв голидролд нь оруулъя, хүнээ боддог байя, эд хэрэглээгээрээ биш оюун санаагаараа өөрчлөлт хийе. Тийм ч болохоор ийм санаа нийлсэн хүмүүстэй нэгдсэн.
“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд намайг Хөдөлмөрийн үндэсний намд элсэхийг санал болгож, дэмжсэн. Бизнесийн асар их туршлагатай, ямар ч хүнд байдалд орсон компанийг дээш нь татаж гаргаж ирэх туршлага Т.Ганболдод бий учраас түүнийг нь ашиглах хэрэгтэй.
“Скайтел” компанийн захирал Д.Болор тэргүүтэй чадварлаг олон бизнесийнхэн нэг дор цугласан.
-Танай нам саяхан Их хурлаа хийж, намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон. ХҮН ингээд парламентад суудалтай болж, илүү хариуцлагатай ажиллах болж байх шиг?
-ХҮН намын Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөгч оролцож, хоёр хоногийн турш амжилттай хуралдлаа.
Намын шинэ даргаа томилж, Намын төв хороогоо байгуулсан. Дараагийн дөрвөн жилд монгол хүнийг ажилтай болгож, Монгол Улсыг энэ их өрийн дарамтаас гаргахын тулд бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Намын шинэ даргын ажил, амьдралтай нь танилцаад их гайхсан л даа. Тэр хүний эгэл жирийн амьдрал ахуй үнэхээр гайхшруулсан.
Хуучны хоёр өрөө байрных нь бүх хана номын сан. Англи, герман хэл дээрх номуудыг нь нээгээд харахад л эрээн цоохор болтол нь зурж, тэмдэглэсэн байлаа. С.Ганбаатар даргын ярьж, хэлж, тэмцэж байсан зүйлүүд нь асар их судалгаа, боловсруулалтын үндсэн дээрээс бий болсныг нь эндээс мэдэрсэн.
-Та өмнө нь намд элсч байсан уу. Яагаад ингэж асуув гэхээр, ХҮН намд МАН, АН-д байсан залуучууд ороод байна л даа.
-Би намд огт элсч байгаагүй.
Намд элсэх тухай бодож ч байгаагүй. Манай найзууд нам ярихаар “Надад хамаагүй” гээд гараад явчихдаг байсан юм. Улаан загалмайн нийгэмлэг, Монголын уул уурхайн биржийн л гишүүнчлэлтэй байлаа. /Инээв/. Тэр өөр намд байсан залуучууд болно, бүтнэ гэж л явж ирсэн байх. Гэтэл тэдний бодсон шиг нь байхгүй болохоор гарц хайж эхэлнэ.
Тэгэхдээ төрд ороод амьдралын бололцоотой болъё, ахуйгаа дээшлүүлье гэж бодож ХҮН намд элсээгүй гэдэгт итгэж байгаа. Тэгж ч чадахгүй. Бид хариуцлага тооцож чаддаг байна. Засгийн эрх барьж байсан өмнөх намуудын алдаа дутагдлыг олоод харсан, ажил хийе гэсэн учраас энэ намд иржээ гэж харж байгаа. Цаашдаа ч ирнэ гэж итгэж байна.
Монголчууд бид IQ-аараа дэлхийд эхний тавд ордог. Тэгээд яагаад улс нь ийм хүнд хэцүү байх ёстой юм бэ. Яагаад ганцхан уул уурхайн түүхий эд зарж, борлуулах ёстой гэж.
Би 14 жил уул уурхайн салбарт ажилласан мөртлөө өөр бодолтой байдаг. Хоёр том гүрний дунд оршиж байгаагийн хувьд манай улс мал аж ахуйн салбараа түшиглэж байж өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Цаашид бид 50, 100 жилээр хөгжлөө ярьж байх учиртай.
Бид түүхий эдээ гадагш нь зөөхөөс татгалзаж, нэмүү өртөг шингээсэн малынхаа үр шимийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах ёстой.
Эх сурвалж: “www.assa.mn” Л.НОМИН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!