Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг өнгөрөгч Мягмар гарагийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Уг хүсэлтийн үндэслэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурьджээ. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Үндсэн хуулийн Цэцээс хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Таныг ҮХЦ-ийн даргаас эргүүлэн татах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Тайлбарлахдаа хууль зөрчсөн гэсэн байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд бичиг явуулсан байсан. “Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэдэг нь нотлогдож” байна гэсэн утга бүхий бичиг явуулсан байна билээ. Тэгэхээр албан бичиг хууль зөрчинө гэдгийг би хуулиар хэдэн жил амьсгалж байгаа хүний хувьд одоо л ойлгож эхлэх гээд байгаа юм. Ойлгохын тулд уншиж судалж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх тухай Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбогдуулж миний зүгээс УИХ-ын даргад албан бичиг явуулсан. Энэ бол хэвийн л үзэгдэл.
Өөрөөр хэлбэл, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх, шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн утга бүхий бичиг. ҮХЦ-тэй холбоотой амьсгал давхацсан ажлуудыг УИХ хийгээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Байнгын хорооны хурал байхгүй өдөр буюу хуралгүй цагт өглөө 08.30 цагт байнгын хорооны хурал зарладаг. Үдийн цай өнгөрөхөд байнгын хорооны хурал болдоггүй өдөр байнгын хорооны хурлыг хийдэг гээд дэгийн тухай хуулиар аль өдөр намын бүлэг хуралдах, аль өдөрт нь байнгын хороо, чуулган хуралдах гээд хуулийн нарийн заалттай. Энэ бүх зүйл заалт зөрчигдөж, янз бүрийн асуудал гараад байна.
Ер нь бол хууль зөрчсөн эсэхийг УИХ нотолдоггүй. Тэр тусмаа доторх ажлын аппарат буюу ажлын нэгж УИХ-ын тамгын газар нотлох үүрэг байхгүй. Харин шүүх л нотлох ёстой.
Гэтэл Ерөнхий шүүгчийн энэхүү хариуг Хуульзүйн байнгын хороон дээр санал өгсөн болгосон. Улмаар Хуульзүйн байнгын хороогоор хуралдаад, өчигдөр орой болон өчигдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад яаран сандран Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудлыг чуулганы нэгдсэн хуралдааны нэгдүгээрт авч хэлэлцэхээр болсон. Гэтэл сая сонсох нь ээ, хурлаас МАН-ынхан завсарлага авсан сурагтай. Ийм л асуудал болж байна.
-Тэгвэл Дээд шүүхээс ҮХЦ-ийн даргын асуудлаар санал тавиагүй гэсэн үг үү?
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэнэ гэсэн байсан. Гэтэл Ерөнхий шүүгч санал хүргүүлээгүй. Харин явуулсан бичигт нь л “Хуулийн дагуу асуудлыг шийдээрэй” гэсэн хариу ирүүлсэн. Ер нь бол ҮХЦ-ийн дарга болон гишүүнийг огцруулах буюу эргүүлэн татах асуудал хэлэлцвэл Үндсэн хуулийн буюу цэцийн хуулийн дагуу эхлээд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн дотроо хуралдана.
Улмаар нэр дэвшүүлсэн байгууллагад уламжлаад, Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд нэр дэвшүүлдэг. Намайг Улсын дээд шүүхээс дэвшүүлсэн.Тэгэхээр Улсын дээд шүүх рүү ҮХЦ-ээс /Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудал тавьж байна/ гэсэн бичиг явна. Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид /25 шүүгч байдаг/ хуралдаад олонх нь эргүүлэн татах нь зүйтэй гэж УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Үүний дараа УИХ-аар хэлэлцэх асуудал эхэлдэг. Гэтэл энэ удаад Улсын дээд шүүхийн хурал болоогүй. Харин Ерөнхий шүүгч нь л хөндлөнгийн байр сууринаас хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн бичиг өгсөн байна. Тиймээс энэ асуудал нь хуулийг ноцтой зөрчиж байгаа зүйл.
-ҮХЦ-ийг нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байсан?
-Ер нь сүүлийн үед УИХ-аас гаргаж байгаа хуулиудын Цэцтэй холбоотой алхамууд нь дандаа хууль зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн алхмууд гарч байна. Биднийг “Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх байна ч гэх шиг. Тухайлбал өнөөдөр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар өгсөн байгаа. Ерөнхийлөгч тав хүртэл хоногийн дотор хориг тавиад хариу өгдөг. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа өнөөдөр 17.20 цагт дуусна.
Хориг тавихгүй нь тодорхой болмогц зургаа дахь өдрөөсөө эхэлж, Төрийн мэдээлэлд хуулиа хэвлэх ёстой. Гэтэл Төрийн мэдээлэл энэ сарын 25-ны өдөр хэвлэгдчихсэн. Өнөө өглөө хэвлэгдчихсэн байгаа "Төрийн мэдээлэл” бидний гар дээр ирсэн байж байна. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дуусаагүй байхад хууль нь хэвлэгдчихсэн. Биднийг албан ёсоор нийтлээгүй хуулиар асуудлыг хэлэлцээд байна гэж байна. Тэгэхээр хэвлэх, нийтлэх асуудал болон олон нийтийн сонорт хүргэх нь өөр асуудал. Шүүх хэвлэгдсэн хуулийг хэрэглэдэг. Харин ҮХЦ бол батлагдсан хуулийг хэрэглэдэг.
Тухайлбал, УИХ-ын Дэгийн хуульд бий. Хууль батлагдсаны дараагаар ёсчилно. Батлагдсаны дараа хориг тавих асуудлыг Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхийлөгч тав хоногтоо хориг тавиагүй бол батлагдсан өдрөөсөө хууль үйлчилж эхэлнэ. Тэгэхээр бид УИХ-ын сая баталсан биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар маргаан үүсгээд, маргааны хэлэлцэх асуудал объект нь УИХ-ын Цэцийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт юм.
-Сүүлийн үед ҮХЦ-ийн нэр хүнд нэлээд унаад байгаа. ҮХЦ-ийн дарш “Lexus-570” авлигад авч Үндсэн хууль зөрчсөн гэх мэтчилэн асуудал их яригдах болж. Гэтэл одоо эргүүлэн татах асуудал яригдахаар албан тушаалтайгаа зууралдахаар хэвлэлийн бага хурал хийж байна гэх юм. Үүнд нэг хариу өгөөч?
-Найман хувийн хүүтэй холбоотойгоор намайг ална, Монголоос зайл энэ тэр гээд янз бүрийн бичиг, утсаар занал бүхий мессэж 60 гаруй ирсэн. Эргүүлэн татах тухай асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллээс нэг нэгээрээ утасдаад байсан. Тиймээс олон хүнд ярьж байхаар нэгмөсөн өгсөн нь дээр гэж бодсон юм. Би ҮХЦ-ийн даргын албан тушаалтай зууралдаад байх юм байхгүй.
Миний хугацаа 2017 оны тавдугаар сард дуусна. Би 1998 оноос хойш ажиллаж байна. Энэ завшааныг ашиглаад өөрийгөө жаахан магтчихуу. Би ном бичдэг, хичээл заадаг. Тиймээс ажлаас гарсан л бол лааз өшиглөөд, амиа хорлох дээрээ тулах хүн биш. Би ажилтай хүн. “Lexus-570” машины хувьд манай байгууллагад дөрвөн сая төгрөгөөр авсан нэг портер машин бий. Засгийн бааз манайх авна гээд байдаг. Би манайд байж байг гэдэг. Lexus-570 гэдэг бол Засгийн газрын аж ахуйн тооцоотой байгууллагын өөрийнх нь хөрөнгө.
Манай байгууллага найман жилийн өмнөөс л машин хангамж өгөөч гэж бичиг явуулсан юм билээ. Хөдөө явж байхад сумын Засаг дарга хажуугаар жип уначихсан сүнгэнэж явдаг. 100 гаруй сумын дарга жиптэй гэсэн. Зарим нь хандив тусламжаар авдаг юм билээ. Миний өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү авсан. Харин хэл ам гараад буцаагаад Авто баазын мухарт тавьчихсан гэж манай жолооч хэлж байсан. Ичсэн юм уу даа, унаж л байх хэрэгтэй.
Хангалтыг авлига гэдэг юм бол би дахиад ч авлига авмаар байна.
Ерөнхийлөгчийн зарлиг байна. Ж.Амарсанаа ҮХЦ-ийн дарга Монгол Улсын дээрээсээ дөрөвдүгээр хүн гэсэн байна. Тэгвэл яагаад дөрөвдүгээр хүн эксель унаад сумын Засаг дарга, дүүргийн орлогч дарга жип унаад байж болдог юм. Та нар бод л доо. УИХ-ын тогтоолоор туулах чадвартай машин өг гэсэн байна. Гэтэл Ж.Амарсанаад сайхан будсан эксель өг гэсэн үг үү. Авлига өглөө гээд байх юм. Үз л дээ, ном журмынхаа дагуу Авто баазад бүртгэлтэй байж байгаа. Хэрвээ би авлига авсан бол миний гэрт эсвэл надад байна биз дээ. Намайг хангах ёстой Засгийн газар авлига өглөө гэж яриад байх юм.
Хангалтыг авлига гэдэг юм бол би дахиад ч авлига авмаар байна. Манай байгууллага дээрээс ус гойжоод байна. Цахилгааны утас нь Хятад утас тавьчихсан шатаад сая түймэр гарсан шүү дээ. Харин ч аваад баймаар байна. Энэ жил гадаад явах, ном хэвлэл захиалах гээд бүх мөнгийг хасчихсан. Хангалтыг авлига гэж байгаа бол би аваад л баймаар байна.
-ҮХЦ болоод УИХ-ын хооронд байнга янз бүрийн маргаан гарч байгаа нь хэн нэгэн ямар нэгэн ашиг сонирхлынхоо үүднээс ийм байдал үүсгээд байна гэх хардлага нийгэмд бий болоод байгаа?
-ҮХЦ гэдэг байгууллага ямар байгууллага вэ гэдэг талаар нэг тайлбар хэлчихмээр байна. Дэлхийн II дугаар дайны дараа НҮБ байгуулсан. Дэлхийн хэмжээний дайныг дахин өдөөхөөс сэргийлсэн нь тэр. 1950-аад оноос фашизамыг дахин сэргээхгүй байхын тулд европод хүний эрхийг хамгаалдаг Үндсэн хуулийн шүүх гэдэг байгууллага байгуулагдсан. Харин 1990-ээд оноос хойш фашизм, коммунизмын сэргээхгүйн тулд Төв Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн Европын орнуудад Үндсэн Хуулийн шүүх гэдэг байгууллага 1990-ээд оноос хойш олноороо байгуулагдсан.
Утга нь юу вэ гэхээр Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач гэж ярьдаг. Энэ бол хэлбэр. Ер нь Үндсэн хуулийн цэцийн үндсэн ажил бол хүний эрхийг хамгаалах юм. Нэг ийм үг байдаг. Дээрэмчин, танхайчуудаас иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, УИХ, параламент ажилладаг. Харин Засгийн газар, УИХ, параламентаас хүнээ буюу хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх байдаг. Энэ утгаараа Үндсэн хуулийн шүүх байгууллага Үндсэн хуулийн манаач болж ажилладаг.
УИХ хууль тогтоох байгууллага тодорхой намууд, бүлгийн эрх ашгийг илэрхийлнэ. Та бүхэн харж байгаа байх. Нэг шийдвэр гаргахаар тэр намын талд шийддээ. Нөгөө шийдвэр гаргахаар нөгөө намын талд шийдчихлээ гэдэг.
ҮХЦ бол УИХ-тай сөргөөцөлдөөд, маргалдаад байдаггүй.
Гэтэл бид аль нэг намын талд шийдвэр гаргадаг байгууллага биш. Ер нь намуудын цаана сонирхол байгаа нь харагдаж байгаа байх. ҮХЦ бол УИХ-тай сөргөөцөлдөөд, маргалдаад байдаггүй. УИХ-ын баталсан хууль нь Үндсэн хууль зөрчөөд байна гээд иргэд өргөдөл мэдээлэл бичдэг. Харин иргэдийн өргөдөл, мэдээллийг бид авч хэлэлцдэг.
Тэгэхээр ширээний нэг талд иргэн, нөгөө талд нь УИХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөл суугаад, хажууд нь ҮХЦ хамт сууж байгаад хоёр талын маргааныг шийдэж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол УИХ-ын зөв байна. Эсвэл иргэний зөв байна гэдгийг шийддэг. Манай байгууллага 1992 онд байгуулагдсанаас хойш 2,000 гаруй төрөл бүрийн бичиг ирсэн.
Мэдээж зарим нь сургаал хайрласан ч зүйл байна. Тиймээс бид зарим нэгийг нь маргаан үүсгэхээс татгалздаг. Мөн зарим асуудлыг хамаатай байгууллага руу нь шилжүүлдэг. Үлдсэн цөөхөн хэрэгт маргаан үүсгэдэг. Голдуу Засгийн газрын тогтоол, СЕХ-ны шийдвэр, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн асуудал зэргээр ихэнх нь хуультай холбоотой асуудал орж ирдэг.
Өнөөдөр гэхэд л Үндсэн хуулийг Шүүх байгуулах тухай хууль зөрчсөн гэдэг асуудлыг хоёр иргэн тавиад, дөнгөж сая асуудлыг шийдлээ. Ер нь бусад улсын манай улсын Үндсэн хуулийн шүүх, параламент хоорондын харилцаа нь бие биедээ тусалдаг, найрсаг харилцаа буюу бие биедээ хоолоор үйлчилдэг газар биш. Харин ч сөргөлдөөнт шинжтэй байнга бие биенийгээ чичилсэн байдалтай байдаг. Шүүх, Дээд шүүх, ҮХЦ нь УИХ, Засгийн газрын хянадаг. Энэ нь нийтэд уншигдахаараа бид хоорондоо маргалдаад, сөргөлдөөд байгаа юм шиг харагдаад байдаг юм. Бид УИХ-ыг зүгээр байхад нь хатгаж, өдөөд байдаг зүйл байхгүй. Зүгээр л иргэдийн өгсөн мэдээлэл, өргөдөл, гомдлын дагуу л асуудлыг шийддэг. Гэхдээ УИХ янз бүрийн иракци үзүүлээд байна.
Тухайлбал, Үндсэн хуульд ҮХЦ-ийн гишүүн зургаан жилээр томилогдохоор заасан байгаа. Өөр заалт байхгүй. Тэгвэл сая хуульд өөрчлөлт оруулахдаа дахин нэг л удаа зургаан жилээр сонгогдож болно гэж өөрчилсөн. Энэ мэт байдал нь төрийн байгууллагуудын хоорондын харилцаанд яваандаа нөлөөлөх гээд байна. Хүмүүсийн хатгаа, түлхээ буюу ҮХЦ- рүү довтолсон, дайрсан бушуухан өөрчилж, халаа сэлгээ хийгээд, үгэндээ оруулахаар зэхэж байна. Тухайлбал, өнөөдөр /өчигдөр/ гүүрний цаанаас хэвлэлийн хурлаа хойшлуул хэмээн ярьж байна. Ингэж ҮХЦ рүү ярьдаг нь яаж байгаа.
Өмнө нь нэг удаа хурлаа 21 хоногоор хойшлуулсан шүү дээ. Дахиад хойшлуул гэж байгаа нь өнөө өглөө даргын зөвлөлийн хурлаар ҮХЦ-ийн даргын асуудлыг хэлэлцэж байх хооронд буюу дарга байхгүй байх хугацаанд эд нэг хэсэгтээ амар сайхандаа жаргахаар тооцоолоод байгаа хэрэг. Тэгвэл бид төлөвлөсөн хугацаандаа л хурлаа хийлээ. Энэ мэт асуудал нь сөргөлдөх байдалтай харагдаж байгаа байх. Нөгөө талаас зохион байгуулалттайгаар зориулалттайгаар ҮХЦ-ийг ганхуулах гээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|