Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амарсанаа: УИХ-аас ҮХЦ-тэй холбоотой ХУУЛЬ ЗӨРЧСӨН алхмууд хийж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 28
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

 

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа болон зарим гишүүд өнөөдөр сүүлийн үед үүсээд буй ҮХЦ-тэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Өөрөөр хэлбэл Хууль зүйн Байнгын хороон дээр түүнийг хууль зөрчсөн хэмээн үзээд огцруулах асуудал яригдаж байгаа юм. Ж.Амарсанаа энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.


Ж.Амарсанаа: “Сүүлийн үед ҮХЦ-тэй холбоотой янз бүрийн мэдээлэл их гарах боллоо. УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд бичиг явуулсан байна лээ. Тэр бичигт Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна гэсэн байна лээ. Албан бичиг нь хууль зөрчинө гэдгийг би одоо л ойлгож эхлэх гээд байна.

Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн тухай Д.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Тогтоолтой холбогдуулж миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Энэ бол хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх, шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг.

ҮХЦ-тэй холбоотой амьсгал давхацсан ажлуудыг УИХ хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын Байнгын хорооны хуралгүй өдөр, хуралгүй цагт хурал зарлаж хийдэг. Дэгийн хуулинд энэ бүхнийг нарийн заасан байдаг ч заалтууд нь зөрчигдөж янз бүрийн асуудал гараад байна л даа.

Хууль зөрсөнийг УИХ нотолдоггүй. Тэр тусмаа доторх ажлын аппарат болох УИХ-ын Тамгын газар нотолдоггүй. Шүүхээр нотлох ёстой.

Дээд шүүх энэ асуудлаа хуулийнхаа дагуу шийдээрэй л гэсэн хариу өгсөн байна лээ. Түүнийг Хууль зүйн Байнгын хороон дээр санал өгсөн болгоод өнөө өглөө хуралдаж, яаран сандран ҮХЦ-ийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Сая завсарлага авсан гэж сонслоо.

Гэрэл зургийг MPA.mn

ҮХЦ-ийн дарга, гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуулийн дагуу эхлээд ҮХЦ-ийн есөн гишүүн дотроо хуралдаж, нэр дэвшүүлсэн байгууллагад уламжилдаг. Намайг Улсын Дээд Шүүх нэр дэвшүүлсэн. Тийм болохоор Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг Улсын Дээд Шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоороо эргүүлэн татах нь зүйтэй гэж үзээд бичиг явуулбал УИХ авч хэлэлцэх ёстой.

Тэгэхээр Улсын Дээд Шүүх хуралдаж, тийм шийд гаргаагүй. Харин дарга нь энэ асуудлыг хуулийнхаа дагуу шийдэх ёстой гэсэн бичиг явуулсан гэсэн үг. Үүнийг Дээд шүүхийн санал мэтээр авч үзээд хуулийг ноцтой зөрчиж байна.

Сүүлийн үед УИХ-аас ҮХЦ-тэй холбоотой хийж буй алхмууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн алхмууд байна” хэмээв.