Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тогмид: Цагаан сарын нэршсэн хоол бол бууз биш, таташ банш юм

Зууны мэдээ
2016 оны 1 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Түүхч, зохиолч М.Тогмидтой Цагаан сарын ёс заншлын талаар ярилцлаа.

-Удахгүй Цагаан cap болох гэж байна. Монголчуудын уламжлалт баярыг бид зөв зүйтэй тэмдэглэн өнгөрүүлж чадаж байна уу?

-Энэ бол монголчуудын хамгийн хүндтэй ургийн баяр. Жил бүрийн энэ л өдөр ураг төрөл уулзалдаж, ахмадаа хүндэлж, нялх балчруудаа танилцуулдаг уламжлалтай. Мөн улс орны хэмжээнд ч ахмад дээдсээ хүндэтгэдэг төрт ёсны баяр юм. Чингисийн үеэс энэ баярыг нүсэр тэмдэглэж ирсэн ч 1930-аад оноос хориглож зөвхөн малчдын баяр болгосон. Тухайн үед Ховд аймаг гэхэд шинэ жил, Цагаан сарыг нэгтгээд нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг болсон.

Харин одоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Цагаан сараар манай төрийн тэргүүнүүд ахмад настнуудад очиж золгодог. Уг нь манай .ихэс дээдэс ахмадуудад мэндийн хадаг явуулах ёстой юм. Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх нь айл өрхүүдийн эдийн засгийн чадавх, бэл бэнчнээс хамааралтай болж хэдэн өдрөөр сунжруулан үргэлжлүүлж байгаа нь буруу юм.

Эрт дээр үеэс монголчууд шинийн 1,2, 3-нд албан ёсны золголтоо хийгээд 4-нд нь хаваржаа руугаа нүүдэг байсан. Хэрэв буйраа сэлгэж нүүхгүй бол заавал өрхөө авч утаагаа гөвдөг уламжлал бий. Настнууд уул хадаар явж зочлох ёстой айлдаа очих зэргээр суудлаа сэлгэдэг байж.

-Хадаг барих, хөөрөг зөрүүлэхэд ямар ёс жаяг байх ёстой юм бол?

-Хөөрөг зөрүүлж тамхилна гэдэг маш нарийн утга учиртай Монголын эртний соёл. Гэвч сүүлийн үед хүмүүс маш буруу тамхилж байна. Хүнтэй хөөргөө зөрүүлчихээд шууд хамраа арчдаг. Энэ нь ариун цэврийн талаасаа ч, хөөргөний хэрэглээндээ ч соёлгүй зүйл юм. Хөөргөө солилцоод гартаа авчихаад толгойг нь эргүүлээд буцааж өгөхөд болдог. Эсвэл хөөргөнөөс тамхийг нь гартаа чимхэж авснаа тамхилах ёстой.

Хадагтай золгож байгаа хүнийг эхлээд харах хэрэгтэй. Хадгаа хоёр гараараа барьж байвал өгнө, нэг гартаа барьсан бол өгөхгүй золгоно гэсэн утгыг илэрхийлдэг.

-Цагаан сарын идээ зоогны тухайд орхигдсон, анхаармаар зүйл танд ажиглагддаг уу?

-Бид Цагаан cap гэхээр л бууз иддэг. Гэтэл үнэндээ бууз манай уламжлалт хоол биш юм. Эрт дээр үеэс монголчууд хөц, шар, цагаан будаагаар махан таташ хийдэг байсан. Түүнийгээ бурхан тахилынхаа өмнө тавьдаг байж. Монголын Цагаан сарын баярын нэршсэн хоол бол таташ, банш гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй.

Харин идээ шүүсний тухайд гэвэл ууцыг тухайн овог удам дотроо хамгийн өндөр настай нь тавьдаг. Ууцны махыг засдаггүй, сүвээний нэг хавиргыг нь сугалж аваад хальсыг нь цэвэрлэдэг. Мөн дээр нь тавих шаант чөмгөний хальсыг авч бэлддэг. Харин өвчүү тавих бол махан талыг нь дээш харуулан тавьдаг.

Малын ясан дотроос богтос, богино хавирга хоёрыг шүүс энд тавьдаггүй. Энэ нь тухайн айлын эзний хамгийн нандин хувь хишиг гэдгийг хүмүүс мартсан байна. Монголын ёс заншилд хамгийн эрхэм яс байсан. Богтос чөмгийг хэдэн арваар нь хэлхээд хадгалахад адуу өснө, хулгайд алдахгүй гэсэн домтой.

Хол аюултай юманд явах хүн, “би ер нь богтос чөмөг хагалаагүй хүндээ, гайгүй байхаар гэж сэтгэлээ тайтгаруулдаг. Богтос чөмөг хагалах нь арван хар нүглээс илүү гэж үздэг байсан.

-Богтос чөмөг гэхээс илүүтэй далыг монголчууд дээдэлж, мэргэ төөрөгт хүртэл хэрэглэдэг шүү дээ?

-Далыг ууцанд тавьдаг, мөн хүндтэй хүндээ чанаж өгдөг. Эрэгтэй хүний дэргэд эмэгтэй хүн дал барьдаггүй. Жижиг хүүхэд ч хамаагүй заавал эрэгтэй хүнээр хөндүүлээд иддэг ёстой. Дал хөндөх, хүртэх ёс гэж бий. Далны ясыг босгоод хуудастай талаас нь харахад хүн дүрстэй байдаг. Тиймээс дээгүүр нь огтолбол гэзгийг нь махтай хэсгийг огтолбол гэдсийг нь хагаллаа, хоёр талаас нь хэрчвэл мөрийг нь зүслээ гэж цээрлэдэг.

Хүн дээлээ тайлахдаа зүүн ташаанаасаа эхэлдэг шиг далны ясны тэр хэсэгт эхэлж гар хүрээд, махыг нь тойруулж авдаг. Айлд ирсэн зочин далны махыг нь идээд, ясыг нь цэвэрлэж тавагны хажууд тавьдаг. Эсвэл тэр айлаа хүндэтгэж авдар дээр нь тавьдаг ёс бий. Хэрэв зочин далны ясыг шууд хаябал тэр айлыг хүндэтгэхгүй байна гэж үздэг. Тиймээс далны ясны учир утгыг эр хүн болгон мэддэг байх хэрэгтэй.

Сүүлийн үед хүмүүс дал мэрчихээд ясыг нь цуу цохиж хаядаг болсон. Гэтэл энэ манай ёс биш. Залуучууд ялангуяа мэдэж авахад илүүдэхгүй бас нэг зүйл бол шаант чөмөг юм. Энэ бол  маш хүндтэй хоол. Хүүхэд төрөхөд шаант чөмөгний шөлөөр угааж, шагайн чөмгийг нь цэвэрлэж, хальсыг нь аваад амаржсан эхэд мөлжүүлээд тэр чөмгөө хүүхдээ 18 нас хүртэл хадгалдаг.

Харин богино хавиргыг иддэггүй галдаа өргөдөг, халбага хавирга гэж нэрлэх нь ч бий. Хүзүүний махыг дээр үед хуримлаж байгаа хос хувааж иддэг байж. Учир нь амьдралаа хүзүү мэт бат бөх байхыг бэлгэддэг.

-Cap шинийн баяраар гал тахих зан үйлийг хийдэг гэх юм. Ер нь юуг эрхэмлэж, юуг цээрлэж байх ёстой юм бэ?

-Цагаан сараар өвчүүгээр заавал галаа тахих ёстой. Өвчүүгээ сэмжинд ороогоод гал тахиад, мал хуйтай айл бол хотоо арвилж мал сүргийнхээ эзэн сор болсон малдаа хүндэтгэл үзүүлдэг.

Цагаан сараар архи уудаггүй. Ургийн баярыг айл хэсэх арга болгож байгаа явдал сүүлийн үед ажиглагдаж байна. Цаг цагт нэг цадаж, Цагаан сараар нэг цадна гэж яваа юм шиг муухай үзэгдэл.

Гap цайлгах бэлгийн тухайд ч юу хамаагүй өгөх биш тухайн хүний ажил мэргэжлийн онцлог тохирсон билгэдлийн чанартай байх хэрэгтэй.
Тавгийн идээний боовыг тавихдаа нэр төртэй хүнээр тавиулдаг ёс байсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүд нэр төртэй хүнийг урьж идээгээ засуулдаг.

Хүн насан туршдаа гурван овоонд мөргөх ёстой. Энэ нь тэнгэрийн овоо, газрын овоо, хүний овоо юм. Гэхдээ одоо үед хүний овоо гэдэг нь мартагдсан. Угтаа бол нэг удам судар дотроо сайн сайхан яваа нэгнээ хүндэлж, түүний буян заяаг дэлгэрүүлж бүгд сайн явах юм. Шинийн 15 дотроо бүгд эв эетэй сайн сайхан зүйлс бодож, хийж байгаарай.

Зураг