-Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн АТГ-ын эрх мэдлийг сааруулах хуулийн төсөл ч сураггүй болж, Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын 17 тэрбум төгрөгийн дуулиант хэрэг ч чимээ алдрав-
Өнгөрсөн оны тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг сэжигтнээр тооцож цагдан хорьсон билээ.
Түүнийг АТГ-аас бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн ч түүний буруутай эсэх нь тогтоогдохгүй байсаар одоо энэ хэрэг мартагдах тийшээ орчихсон учраас нэхэн сануулж байна.
Уг хэргийг улстөрийн өнцгөөс нь авч үзвэл өнгөрсөн оны зургадугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан юм.
Уг хуулийн төсөлд АТГ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг харьяаллын хэргүүдээс хээл хахууль өгөх, авах, зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт тус тус шилжүүлэх тухай санал байв.
Ямартай ч Н.Алтанхуяг гэх автортой хуулийн төсөл УИХ-ын даргын гар дээр очиход улс төрийн хүрээнийхэн “Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэн болон ахлах зөвлөх Л.Гансүх нарыгаа баривчлагдмагц АТГ-аас прокурорын мөрдөнг салгах гэж байна” гэж хардсан юм. Нэг үгээр бол АТГ-т төвлөрсөн эрх мэдлийг тараан “байршуулах” замаар хүчийг нь сулруулахад хуулийн төслийн үзэл баримтлал чиглэж байсан гэхэд болно.
Энэ төслийн дараа хуулийнхан хөдөлгөөнд орж Ерөнхий сайд асныг нэлээдгүй буланд шахаж эцэс сүүлд нь “Хүргэн” Г.Дэнзэнг өвчний улмаас батлан даалтад гаргаснаар хэрэг мартагдах тийшээ орж одоо Г.Дэнзэн хаана, юу хийж яваа нь бүрхэг болсон юм. Хатуухан хэлэхэд Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл таг чиг болж, үүнтэй зэрэгцэн Г.Дэнзэнгийн хэрэг шүүхийн хаалга татсан чигтээ мартагдлаа гэж олон нийт харж буй юм.
Энэ удаа уншигчдадаа дээрх хэргийн асуудал ямар замаар яваад замхрах шатандаа орсон бэ гэдгийг сануулъя.
Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Д.Уянга гэгч бүсгүй "Говь Повер" хэмээх компанийг бусдаас худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэн дүрмийн санг нь нэг тэрбум төгрөг болгож өсгөсөн байдаг. Хамгийн гол нь дээрх ажлыг амжуулахдаа тухайн газар дээр нь очиж бодит үнэлгээ хийлгээгүй гэдэг.
Өөрөөр хэлбэл, тодорхой шалгуур хангахын тулд тэд нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцөлийг хангасан гэсэн үг. Уг нь тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх ёстой гэсэн шалгуурыг тендер зохион байгуулагчдын зүгээс тавьж байж. Ингээд уг шалгуурын дагуу тендерт оролцох хүсэлт хүргүүлсэн 10 компанийн найм нь өөрийн гэсэн ямар ч эзэмшил газаргүй тул хасагдаж байжээ. Энэхүү шалгуураар бол “Говь Повер” ч хасагдах ёстой байж.
Гэтэл тендерээс хасагдах нь бүү хэл ялагчаар тодорсон нь ТУЗ-ийн даргатай холбоотой гэсэн хардлагыг үүсгэж, тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон байх магадлалтай нь тогтоогджээ. Түүнчлэн тус компани сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй.
Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг аж. Харин дараагийн үндэслэл нь, тендерт шалгарах компани нь сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбумаас багагүй төгрөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан байх шаардлага. Хачирхалтай нь “Говь Повер” компанийн үйл ажиллагааны орлого нь сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай гарч байсан нь тогтоогджээ.
Уг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ байдалтай эвлэрч, эрх баригчдыг хамгаалж үлдэхийг хүсээгүй. Харин ч эсрэгээрээ хэргийн үнэн зөвийг олохоор бүтэн гурван жил эл хэргийн араас хөөцөлдсөн ч ямар нэгэн шалтгааны улмаас энэ хэрэг өнөөдөр зогсонги байдалд орж “Дээрээс ирэх заавар зөвлөгөөгөөр хэргийг хэрхэн шийдэхийг хүлээзнэж суугаа нь үнэн” гэх эх сурвалжийн үг нотлон харуулж буй юм.
Дуулиан шуугиан болж байсан “Хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хавтаст хэрэг өнөөдөр цагийн аясаар мартагдах тийшээ эргэжээ. АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргаж Прокурорын байгууллагад илгээсэн бол 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Говь-Повер” ХХК “Эрдэнэс Таван толгой” ХК-иас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан юм.
Дөрөв хоногийн дараа шүүхийн хаалгаар нэхэмжлэгч, хариуцагч болж орсон хоёр компани эвлэрч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон байдаг.
2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой"-н захирал Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан баривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Түүнийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Повер" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьж 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр батлан даалтад гаргаж байсан.
Уг нь тэрбээр Н.Алтанхуягийн хүргэний компанид шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговор олгосныхоо төлөө хоригдсон гэдгийг улстөрчид тухайн үед хэлж ярьж байсан. Энэ бүхнийг Я.Батсуурь цагдан хоригдож байх хугацаандаа журмын нөхөд болох УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Хотын дарга Э.Бат-Үүл нарт хаяглан бичиж, хорих ангиас захиа илгээж байсан юм.
Түүний захидалд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Говь-Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед шүүхээр шийдүүлж энэ компанийн тоног төхөөрөмжийг шүүхээр шилжүүлж энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм.
Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэгэн хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэж Ардчиллын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан зүтгэсний эцэст ийнхүү хилс хэрэгт гүтгэгдэн шоронд сууж байгаадаа туйлын их гомдолтой байна” гэсэн үгтэй захидлыг илгээж байв.
Ямартай ч “Хүргэн” Г.Дэнзэнгийн хэргээс болж ажил үүргээ мөрөөрөө гүйцэтгэж явсан Я.Батсуурь захирал шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлснийхээ төлөө бүтэн хоёр cap гаруй хугацаанд цагдан хоригдсон нь энэ. Тэгэхээр энэ бүхнээс улс төрийн тусгал нь юу байсан бэ гэж харвал.
Хэрвээ Засгийн газар солигдолгүй Н.Алтанхуяг Ерөнхий сайдаараа байсан бол энэ хэрэг ийм шатанд өндрөө авах байсан уу үгүй юу гэдэг нь ч сонирхолтой. Уг нь, хууль эрхзүйн талаас нь харвал Г.Дэнзэн хууль ёсны дагуу тендерт оролцсон. Хууль ёсны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гарсан учраас албан ёсоор “Эрдэнэс Тавантолгой” компани эвлэрлийн гэрээ байгуулж мөнгө төлсөн байдаг нь өдгөө баримт нотолгоотойгоор байж л байна.
Тэгэхээр АН-ын дотоод зөрчлийн улмаас Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж нэг мөсөн тэр хүнийг улстөрийн тавцангаас буулгах хэн нэгний сонирхол байсны улмаас ийнхүү Г.Дэнзэн, Я.Батсуурь нар хэлмэгдсэн болов уу гэсэн таамаг ч явж байна. Н.Алтанхуяг улстөрийн эрх мэдлийн тавцангаас бууж өгсөн, үүнтэй зэрэгцэн Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын 17 тэрбум төгрөгийн дуулиан тарьж байсан хэрэг чимээгүй болсон нь гайхалтай.
Түүнчлэн УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Алтанхуягийн АТГ-ын шүдийг суга тaтax гэж байсан нөгөө хуулийн төсөл ч яагаад сураггүй болчихов оо гээд олон, олон яагаад гэдэг асуултын тэмдгүүд хариулт нэхэн үлдэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!