Удаан хүлээлгэсэн Apple компаний танилцуулга болж өнгөрлөө. Жилд хэдхэн удаа болдог энэ арга хэмжээнээс зарлагдсан бүтээгдэхүүнүүд нь дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулж, өрсөлдөгчдөө хурцлан Мэдээллийн технологийн салбарыг бүхэлд нь доргиодог билээ.
Энэ удаа нэг биш хэд хэдэн сюрприз задалж аргагүй дэлхийн тэргүүлэх компани гэдгээ баталлаа.
Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдтэй нь танилцацгаая.
Цуурхал үнэн болж Apple том дэлгэцтэй iPad-аа нимгэн, хөнгөн болгожээ. Тиймээс ч түүнд iPad Air гэдэг шинэ нэр оноосон байна. Дөнгөж 7.5мм зузаантай болсон нь өмнөх загвараасаа 20% нимгэн. Жин нь дөнгөж 450 грамм, өмнөх загвараас 30% хөнгөн. iPad mini-гийн нэгэн адил нарийн хүрээтэй болсон нь жингээ хасахад нөлөөлжээ. 64 битийн А7 чиптэй болсон нь саяхан гарсан iPhone 5S-тэй ижил хурдтай гэсэн үг. 2010 онд гарч байсан анхны iPad-аас 72 дахин хүчтэй графиктай. Баттерейн хувьд 10 цаг даах чадвартай аж.
11 сарын 1-нээс 499$ (16Gb загвар) үнэтэйгээр зарагдаж эхлэх бол өмнөх iPad 4 нь 399$ үнэтэйгээр үргэлжлэн зарагдах гэнэ.
Анхны iPad mini-гийн гол асуудал болж байсан дэлгэцний чанарыг Ретина түвшинд аваачсан шинэ загвар гарахаар болжээ. Бусад үзүүлэлтүүдийн хувьд iPad Air-тай яг ижил. Мэдээж дэлгэцний хэмжээ нь өөр 7.9 инч (iPad Air 9.7 инч). Хэрвээ танд iPad Air хэтэрхий том санагддаг бол шинэ Mini яг тохирно. Дутах зүйл нэг ч байхгүй.
11 сарын сүүлээр 399$ (16Gb загвар) үнээр зарагдана. Харин өмнөх загварын iPad mini нь 299$-оор үргэлжлэн худалдаалагдана.
Нэгэн дуулиантай мэдэгдэл нь алдарт Mac OS-ын сүүлийн хувилбар OS X Mavericks өнөөдрөөс эхлэн бүх Mac хэрэглэгчдэд үнэгүй болжээ. Та Mountain Lion эсвэл OS X Snow Leopard цувралуудын аль ч системтэй байсан Mac App Store-оос шинэ хувилбарыг үнэгүй татаж аваад апгрэйд хийх боломжтой.
Угаасаа л төгс машин болох Ретина дэлгэцтэй Macbook Pro-доо шинэ боломжууд нэмээд үнийг нь бууруулсан байна. Хуучин 1499$-оос эхэлдэг байсан 13 инч загвар одоо 1299$-оор зарагдана. 15 инч нь 2199$-оос 1999$ хүртлээ буурчээ. Шинэ машин нь дахин нимгэрч Thunderbolt 2 порттой болсон төдийгүй Intel-ын хамгийн сайн график чиптэй болжээ.
Удаан хүлээгдэж буй Apple-ын хамгийн хүчтэй дэсктоп болох Mac Pro нь 12 дугаар сард гарахаар болж Apple илүү дэлгэрэнгүй үзүүлэлтүүд болон үнийг нь зарлалаа.
Нүд унагам гоёмсог загвартай Mac Pro нь 4, 6, 8 эсвэл 12 цөмтэй Intel Xeon E5 процессортой, 64Gb хүртэл RAM-тай, давхар дэлгэц залгах default горимтой, 1Tb хүртэл флаш дисктэй, 6 ширхэг Thunderbolt 2 порттой (тус бүрдээ 6 төхөөрөмж тэжээх чадалтай) байх гэнэ. Өөрөөр хэлбэл нэг зэрэг 3 хүртэл тооны 4K мониторыг ажиллуулах чадалтай гэсэн үг.
Энэхүү хүч чадлын цуглуулга нь АНУ-д бүтэн угсрагдаж байгаа ба 12 сард үндсэн загвар нь 2999$ үнэтэй зарагдана.
OS X Maverick үнэгүй болсноос гадна шинэчлэгдсэн iLife, iWork программуудаа шинэ төхөөрөмж худалдан авч байгаа хэрэглэгчдэд багцлан үнэгүй өгч байгаа юм байна. Эдгээр программууд нь iOS 7 болон OS X Maverick системүүд дээр цоо шинэ өнгө төрхтэй болсон гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!