Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагважав: НӨАТ-ын шинэ системд 500,000 борлуулалтын гүйлгээ бүртгэгдээд байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Гааль, Татварын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооноос хамтран мэдээлэл хийлээ.


НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхлээд хэдхэн хонож байгаа хэдий ч манай татвар төлөгч, эцсийн хэрэглэгчид маш идэвхтэй оролцож, дэмжиж ажиллаж байна. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэрэглэгчдээ бүртгэх ажил үргэлжилж байгааг ГТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадрал хэллээ.


Дараа нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мэдээлэл хийлээ. Тэрбээр "НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлснээр тус татварыг төлдөг эцсийн хэрэглэгч болох ард иргэд урамшуулал авах боломжтой болоод байна. Одоо ААН-үүд, жижиг дунд бизнес эрхлэгч нар маань техникийн нөхцлийг аль болох хурдан бизнестээ ашиглаж чадвал өрсөлдөөнд ялах магадлалтай. Хууль нэгэнт хэрэгжиж эхэлсэн учраас ААН-үүд маань шинэ системээс цааргалах тусам хэрэглэгчээ, зах зээлээ алдах эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна. 

Техникийн нөхцлийг аль болох хурдан бизнестээ ашиглаж чадвал өрсөлдөөнд ялах магадлалтай. 

Одоогийн байдлаар НӨАТ-ын шинэ системд 500,000 борлуулалтын гүйлгээ бүртгэгдээд байна. Энэ бол том амжилт. 

Иргэдийн дунд "Орлогоо бүртгүүлснээр буцаад хүчний байгууллагад, татварын ямар нэгэн хэрэгт холбогдох юм биш биз дээ" гэсэн айдас байгаа. 
 

Тиймээс иргэддээ хандаж нэг зүйлийг онцлон хэлмээр байна. НӨАТ-ын тухай хуульд татвартай холбоотой статистик мэдээллийг гурван газар ашиглах эрхтэй гэж заасан байдаг. Үүнд: Татварын байгууллага, Статистикийн газар, иргэн өөрөө багтдаг. Бусад байгууллага энэ мэдээллийг ашиглах нь хуулиар хориотой.


Түүнчлэн ААН-ын орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль гэсэн гурван чухал хууль УИХ дээр гацааны байдалтай байж байна. Энэ гурван хуулийг хэлэлцэж баталбал татварын систем бүхэлдээ шинэ гараанаас эхлэх бололцоотой" гэлээ.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр: Лангуун дээрх үнэ дээр НӨАТ нэмж тооцдог нь хууль зөрчиж буй хэлбэр

 

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 он гарснаас хойш ШӨХТГ-т иргэдийн зүгээс бараа бүтэгдэхүүний үнийн зөрүү, өсөлттэй холбоотой маргаан зөрчил, гомдлууд ирж байгаа ажээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Энэ жилийг Засгийн газраас "Хэрэглэгчийн жил" болгон зарласан. Мөн НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ШӨХТГ энэ жил үнийн зөрүүний асуудалд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна.

ШӨХТГ-т ихэвчлэн гурван асуудлаар иргэдийн гомдол ирдэг. Үүнд:

Нэгдүгээрт, Лангуун дээрх үнэ дээр НӨАТ нэмж тооцдог. 

Хоёрдугаарт, Лангуун дээрх үнэ нь кассын үнэтэй зөрдөг. Үүнийгээ "Лангуун дээрх үнээ сольж амжаагүй байна" гэсэн тайлбар хэлж иргэдийг төөрөгдүүлдэг. 

Гуравдугаарт, Барааны үнээ өөрчлөөгүй байж, бөөний үнэ хэмээн худлаа хэлж иргэдийг хуурдаг. Эдгээр зөрчил бол Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж буй хэлбэр юм" хэмээн ярилаа.