Уншиж байна ...

Х.Баасанжаргал: 2020 оноос хойш хоёрхон л гишүүн хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэйгөө илэрхийлсэн байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын зарим гишүүд "УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлыг ил тод болгох тухай" хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нар  өнөөдөр мэдээлэл өглөө. 

Уг хуулийн төсөл нь УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бөгөөд d.parliament.mn сайт дээр нээлттэй байгаа ба олон нийтийн саналыг авах хэрэгцээ байгаа гэдгийг гишүүд онцлов. 

ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРНА УУ. 

"УИХ-ын гишүүн хэлэлцэж буй асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй бол санал өгөх эрхгүй" гэх хуулийн заалт байдаг ч дараах зүйлс тодорхойгүй байна гэж үзжээ. 

  • хэзээ санал өгөхгүй байх,
  • ажлын хэсэгт орох уу, үгүй юу,
  • ямар асуудлыг ашиг сонирхлын зөрчил гэж үзэх вэ,
  • ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй бол гишүүнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. 

Өмнө нь "УИХ-ын гишүүн түүний гэр бүлийн гишүүнд хамаарах асуудал" гэж байсан бол үүнийг Авлигын эсрэг хуультай нийцүүлж "УИХ-ын гишүүн түүнтэй хамаарал бүхий этгээд нь тухайн хэлэлцэж буй асуудлаар АШЗ зөрчилтэй, тодорхой хэмжээний орлого олох бол тухайн гишүүн заавал энэ тухайгаа мэдэгдэнэ" гэх зохицуулалтыг оруулж ирж байгаа аж. 

2020 оноос хоёрхон гишүүн хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэйгөө илэрхийлж кнопоо дараагүй байна. Энэ талаар мэдээлэл нээлттэй байдаггүй учир шинэ хуулийн төслөөр гишүүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн бол тэр мэдээллийг нээлттэй болгох, хуралдааны товч тэмдэглэлд заавал энэ талаар тусгахыг заасан байна. 

Өмнө нь ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн ч хуралдааны товч тэмдэглэлд санал хураалтад "татгалзсан" гэдэг бүртгэлээр үлддэг байжээ. Энэ бол "татгалзаж" байгаа санал огт биш. Олон нийтийн хяналтад орох ёстой, зайлшгүй тэмдэглэж үлдээх хэрэгтэй маш чухал асуудал гэдгийг гишүүд онцлов. 

Манай улс Авлигын индексээр байр ухрахад "хэсэг бүлэг этгээдүүдэд зориулж хууль батлаад байгаа юм биш биз, түүндээ тавьдаг хяналт монголд байдаг уу" гэдэгт маш бага үнэлгээ авдаг байна.

Түүнчлэн ашиг сонирхлын мэдээлэл байнга өөрчлөгдөж байдаг учир веб сайт дээрээ байршуулахаас гадна жил, улирал тутамд шинэчилж том асуудал болсны араас биш эхлээд урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа аж. 

Уг асуудлаас цааргалах биш УИХ-ын гишүүдийг хамгаалах, иргэдтэйгээ илүү ойр байж итгэлийг нь төрүүлэх боломж гэж харж дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүсэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав