Цагаан ордонд байрладаг “Ерөнхийлөгчийн алдрын гудамж” нь АНУ-ын бүх цаг үеийн ерөнхийлөгч нарын хөргийг хананд байрлуулсан урт танхим бөгөөд үндэсний эв нэгдлийн бэлгэдэлд тооцогддог байгууламж юм.
Тэгвэл одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп эдгээр хөргүүдийн доор тайлбар бичигтэй самбарууд шинээр байрлуулж, түүхийг өөрийнхөөрөө бичихийг оролдсон нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна.
Тухайлбал тэр ерөнхийлөгч асан Жо Байдены хөргийн доор “Нойрмог Жо Байден бол Америкийн түүхэнд төрсөн хамгийн муу ерөнхийлөгч байлаа” гэж бичжээ.
Мөн түүнийг “түүхэнд хамгийн их булхай луйвартай сонгуульд ялсан” гэх зэргээр гүтгэсэн байна.
Үүнээс гадна Байден цорын ганц хөрөггүй ерөнхийлөгч болсон бөгөөд хөргийнх нь оронд гарын үсэг зурдаг механик төхөөрөмжийн зургийг байрлуулжээ.
Өндөр насны улмаас эрүүл мэнд нь доройтсон Байден албан бичигт гарын үсэг зурахдаа ийм төхөөрөмж ашигладаг байсан гэх цуурхалтай энэ зураг холбоотой юм.
Ардчилсан Намын өөр нэг ерөнхийлөгч Барак Обамагийн хөргийн дор “Америкийн түүхэнд хамгийн их хагарал хуваагдал үүсгэсэн ерөнхийлөгч” гэж бичжээ.
Мөн ерөнхийлөгч асан Билл Клинтоны хөрөг дор “2016 оны сонгуульд ерөнхийлөгч Клинтоны гэргий Хиллари Клинтоныг ерөнхийлөгч Дональд Трамп ялж байсан юм” гэж бичсэн байна.
Хэдийгээр Трампыг дэмждэггүй ч адилхан Бүгд Найрамдах намын ерөнхийлөгч асан Жорж Буш мөн шүүмжлэлээс ангид байж чадсангүй.
Түүний самбар дээр Афганистан, Иракийн “болох ёсгүй” дайнуудыг эхлүүлсэн хүн гэж бичжээ.
Харин Трамп өөрийн самбарыг магтаалын үгсээр дүүргэсэн байна.
Тухайлбал тэр найман сарын дотор найман дайныг зогсоосон, АНУ-д олон их наяд долларын хөрөнгө оруулалт татсан гэх зэргээр байгуулсан гавьяануудаа баталгаагүй тоо баримттай дурджээ.
Трамп нас барсан ерөнхийлөгч нарыг төдийлөн шүүмжлээгүй ч тэдний түүхийг өөрийн үзэл бодолд нийцүүлэн тайлбарласан байв.
Тухайлбал АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч Эндрью Жэксоны самбар дээр “хэвлэл мэдээллийнхэн түүнд шударга бус хандаж байсан, гэхдээ Абраам Линкольн, Дональд Трамп зэрэг хожмын ерөнхийлөгч нарт хандаж байсантай харьцуулшгүй” гэх зэргээр бичжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт самбаруудын агуулгыг “түүх судлаачийнхаа хувьд ерөнхийлөгч өөрөө бичсэн” гэж мэдэгдсэн байна.
Цагаан ордонд хоёр дахь удаагаа ирсний дараа Трамп уг түүхэн байгууламжийг нэлээд өөрчлөн засварлах болсон.
Тухайлбал тэр дотоод тохижилтыг нь өөрийн хувийн эдлэнтэй ижилсүүлэн алтлаг гоёлоор чимж, хүлээн авалтын том танхим байгуулахын тулд зүүн жигүүрийг нь нураагаад байгаа.
Дээр дурдсан “Ерөнхийлөгчийн алдрын гудамж” нь мөн Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд бий болсон байгууламж бөгөөд зууван танхимыг ордны урд талын цэцэрлэгтэй холбодог хонгилд байрладаг юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!