Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газарт замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой, сүүлийн үеийн технологиор тоноглосон 25 ширхэг автомашин болон цахилгаан дугуй, суррон, энгэрийн камер, тусгай хэрэгслийг өнөөдөр хүлээлгэж өгчээ.
Эдгээр тусгай техник, хэрэгслийг нийтийн тээврийн автобусны эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөн, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах юм байна.
Тоноглолуудын тухайд цахилгаан дугуй, суррон нь цэнэглэдэг батарейтай бөгөөд нэг удаа цэнэглэхэд 8-10 цаг унах боломжтой байна.
Цагдаагийн автомашины хувьд тусгай дуут дохио дээрээ 360 камертай, хосолмол хөдөлгүүртэй, туулах чадвар сайтай байна. Энэхүү камер нь Улаанбаатар хотын 176 уулзварт байрлуулсан камертай адил зарчмаар ажиллаж, зөрчил, мэдээллийг ЗХУТ-ийн шуурхай удирдлагын төвийн камерын нэгдсэн системд дамжуулах аж.
Осол гарсан үед хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах "Санхүүгийн Зохицуулах Хороо, даатгал, прокурорын байгууллага хамтарч Call center байгуулна. Ингэснээр 176 уулзварт байршуулсан камерыг ашиглаж, зам тээврийн осол гарсан тохиолдолд Call center-ээр дуудлага мэдээллийг хүлээн авч эрэмбэлээд цагдаагийн байгууллага очих шаардлагагүй дуудлагыг даатгалын байгууллага руу шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл ослын газрын хэмжилтийг камераар хийнэ. Ирэх оны нэгдүгээр улиралд дрон ашиглаж ослын газрын хэмжилт хийдэг болно" гэв. Call center-ийн тусгай дугаар нь 117 байх гэнэ.
Ослын дуудлагын дагуу хурдан хугацаанд машин хүрч чадахгүй газарт дрон нисгэж хэмжилт хийх бөгөөд түгжрэл багасна гэж тооцоолжээ.
Мөн камерын нэгдсэн системээр замын хөдөлгөөний ослыг газар дээр нь эрэмбэлж, иргэдэд учирсан хохирлыг тогтоовол түгжрэл үүсэхгүй хэмээн тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!