Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд болсон хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байр буюу 13 давхар орон сууцыг нурааж дуусжээ.
Уг барилгыг нураах ажлыг энэ оны есдүгээр сарын 25-наас "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтнууд гүйцэтгэж эхэлсэн юм.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Дэлбэрэлтийн улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг нурааж дуусаж байна. Уг орон сууцны барилгыг дахин шинээр барих тендерийг ирэх долоо хоногт зарлана. tender.gov.mn болон бусад сайтуудад тендерийн урилгыг нийтэлнэ.
Барилгыг шинээр барих төсвийг баталсан. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулж, газын дэлбэрэлтийн буруутай байгууллагаас нураалт болон буцааж барьсан бүх зардлыг нийслэл авахаар иргэний нэхэмжлэл гаргаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Ирэх оны өдийд тухайн байрны оршин суугчдад өмнө нь амьдарч талбайн хэмжээг хэвээр нь хүлээлгэж өгөхийг хичээж ажиллана.
Манай улсад 12-оос дээш давхрын барилгыг буулгаж байсан түүхгүй юм байна. Уг барилгыг нураах тендерийг олон удаа зарласан ч оролцох ААН-үүд олдоогүй. Морингийн даваанд байгуулсан барилгын хог хаягдал болох бетон, арматурыг дахин боловсруулж, ангилан ялгаж үйлдвэрүүд рүү шилжүүлдэг үйлдвэртэй болсон юм. Тус үйлдвэрийн хамт олон 207 дугаар байрыг гурван сар гаруйн хугацаанд буулгалаа" гэв.
"Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ"-ын дарга Ц.Болд "115 хоногийн хугацаанд 13 давхар 207 дугаар байрыг буулгалаа. Барилгыг буулгах явцад 10 гаруй машин техник, 30 гаруй ажилтан амралтгүйгээр ажилласаар ард нь гарлаа. Ажил гүйцэтгэх явцад НХОГ-аас хяналт тавьж, өчигдөр улсын комисс 100%-ийн саналаар хүлээж авлаа.
Одоо барилгын хамгаалалтын хашааг авч, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэнэ. Хаан банкны хажууд байршуулсан торнуудыг авна.
НХОГ-тай байгуулсан гэрээ ёсоор арванхоёрдугаар сарын 25-нд барилгыг нурааж дуусгах ч тав хоногийн өмнө ажлаа гүйцэтгэлээ.
Бидний ажилд тус байрны оршин суугчид болон зарим ААН-үүд их тусалсан" хэмээн ярилаа.
207 дугаар байрны буурин дээр орон сууц барихаар ирэх оны нийслэлийн төсөвт ₮17.3 тэрбумыг баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!