Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Болд: 207 дугаар байрыг эхлээд гараар, дараа нь машин техникийн холимог аргаар буулгана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон. 

Уг хэрэгтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны дөрөвдүгээр сард болж таван үндэслэлийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн дэлбэрэлтэд өртсөн тус байрыг "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буулгаж эхэллээ. 

Уг орон сууцны барилгыг нураах зардал ₮2.4 тэрбум, буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд уг мөнгийг нийслэлээс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр төлүүлэх аж. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус барилгыг хэрхэн буулгах талаар "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ"-ын дарга Ц.Болд "Нийслэлийн засаг даргын захирамжаар 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгах үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрөөс эхэлж явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хашаа барьж саравч сүүдрэвч хийсэн. 

13 давхарт дээвэр нурсан байдалтай байгаа. Бүх цэвэрлэгээг гараар хийнэ. 13 давхрын карказыг буулгасны дараа дөрвөн ширхэг унагалдай гаргаж, бетон хөрөөдөх, арматур жижиглэх ажил хийнэ. Үүний дараа 70 тонны жинтэй краннаар барилгын бүтцийг доош нь буулгана. 

Барилгын хажууд 500 гаруй хүүхэдтэй сургууль, Хаан банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавина. Байшингаа 11-13 давхар хүртэл торлоно. Глобал сургууль, Хаан банкны дээврийг тоос шорооноос урьдчилан сэргийлж хамгаалж өгнө.

Аравдугаар сарын 10-нд нурааж дуусахаар 60 гаруй хүн, 10 гаруй техник ажиллаж байна. Манай компани өмнө нь Урт цагаан, S Outlet, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нэг иргэний таван давхар барилгыг буулгаж байсан. Европын сэргээн босголтын банкны төслөөр хэрэгжсэн 13.6 сая ам.долларын 27 ширхэг машин манай компанид байгаа.

Монгол Улсын хэмжээнд анх удаа 13 давхар барилгыг буулгах гэж байна. Цутгамал барилгыг олон төрлийн аргаар буулгаж болно. Бид эхлээд гараараа буулгаж эхэлнэ. Дараа нь машин техникийн холимог аргаар буулгана" гэв.