Уншиж байна ...

Өмнөд Солонгост хуучны эйр кондишнер гэнэт үнэд орсны учир

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 20 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн агаар сэрүүцүүлэгч төхөөрөмж Өмнөд Солонгосын иргэдийн дунд өндөр эрэлттэй эд хөрөнгө болсон байна.

Саяхан Сөүл хотын нэг алтны дэлгүүрийн эзэн “LG Whisen” брэндийн хуучны ийм төхөөрөмжийн логог салгаж, хайлуулаад 24 каратын алт гаргаж авснаа YouTube видеогоор үзүүлсэн юм.

“Энэ бол 18 карат биш, бүр цэвэр алт. Жин нь нэг дон арай хүрэхгүй. Тиймээс би 713,000 вон ($482) төлөхөд бэлэн байна” гэж тэр нэгэн хүнд хэлж байгааг дүрс бичлэг харуулжээ.

Дон гэдэг нь Өмнөд Солонгост алтыг хэмждэг уламжлалт нэгж бөгөөд 3.75 грамм орчимтой тэнцдэг байна.

Уг видео нийтлэгдсэн дороо сая гаруй хандалттай болж, хүмүүс нэр дурдсан төхөөрөмжийн эрэлд гарчээ.

Гэхдээ сүүлд Чосун өдөр тутмын сонин энэ дуулианы мөрөөр тайлбар нийтлэл гаргасан байна.

Уг нийтлэлд өгүүлснээр өмнө нь Lucky Goldstar нэртэй байсан LG компани 2005 онд тав дахь жилдээ дараалан эйр кондишнерийн борлуулалтаар улсынхаа зах зээлд тэргүүлсэн амжилтаа тохиолдуулан 24 каратын алтан логотой 10,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.

Тухайн үед алтны үнэ өнөөдрийнхтэй харьцуулахад хамаагүй бага байсан тул төдийлөн хүмүүсийн анхаарлыг татаагүй юм байна.

2005 онд логонд орсон алтны үнэ 50,000-70,000 воны үнэтэй байсан бол өнөөдөр буюу 20 жилийн дараа 10 дахин өсөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times