Германы Бавари мужийн 85 настай иргэн өөрийг нь луйвардах гэсэн хоёр ч этгээдийг урхиндаа оруулан цагдаад барьж өгчээ.
Өнгөрсөн Мягмар гарагт цагдаагийн ажилтны нэр барьсан этгээд утсаар залгаж, гэр бүлийнх нь нэг хүн хүнд байдалд орсон тул барьцааны мөнгө шилжүүлэхийг хүссэн байна.
Энэ бол өндөр настнуудыг залилдаг хамгийн түгээмэл арга юм.
Сэжиг авсан тэтгэврийн хөгшин 10,000 евро, алтан зоос авч очихоор залилагчтай тохиролцсон байна.
Тэрбээр болзсон газраа очоод залилагчтай зууралдаж байх хооронд 40 настай охин нь цагдаад мэдээлэл өгснөөр баривчилж чаджээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард тэр бас цагдаагийн ажилтны дүрээр залгаж, 60,000 евро нэхсэн залилагчийг ийм аргаар цагдаад барьж өгсөн юм байна.
“Тухайн үед тэр охиныхоо хамт үлгэр жишээ болохуйц арга хэмжээ авсны үр дүнд залилагчийг баривчилсан” гэж Ингольштадт хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Дээрх хоёр тохиолдлын аль алинд төрөл садны хүн нь автомашины ноцтой осол гаргаж саатуулагдсан тул суллахын тулд барьцааны мөнгө хэрэгтэй гэсэн зохиомол түүхийг залилагч ашиглаж байсан юм байна.
Сүүлийн жилүүдэд Германд өндөр настнууд утасны залилангийн хохирогч болох явдал нэмэгдэж байгаа.
Энэ сарын эхээр Мюнхен хотын 80 настай эмэгтэй рүү нэг хуурамч эмч залгаж, төрөл садны хүн нь үнэтэй эм яаралтай худалдаж авахад мөнгө хэрэгтэй байгааг дуулгаж байжээ.
Улмаар 600,000 еврогийн үнэ хүрэх алтан эдлэл, бэлэн мөнгө авч очсон эмэгтэйг 24 настай залуу болон ойролцоох автомашин дотор 59 настай хамсаатан нь хүлээж байсныг цагдаа нар баривчилсан байна.
Энэ оны долдугаар сард хэсэг этгээдүүд Ингольштадт хотын 80 настай иргэнээс 100,000 еврогийн үнэ хүрэх алтан гулдмай залилсан хэрэг гарч байв.
Залилагчид хотод хулгай дээрэм эрчимжиж буй тул үнэт эдлэлээ найдвартай газар хадгалуулахыг зөвлөж, гэрийнхээ үүдэнд гаргаж тавихыг зөвлөсөн байна. Ингээд тэд алтан гулдмайнуудыг аюулгүй газарт хүргэх нэрээр авч явжээ.
Тухайн өдөр бас нэг 80 настан руу “банкны ажилтан” залгаж, данс нь луйварчдын гарт орсон тул мөнгөө шилжүүлэхийг хүсэхэд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр олон мянган евро шилжүүлээд алдсан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!