Олон Улсын Эрүүгийн Шүүхэд (ОУЭШ) ажилладаг Монгол улсын шүүгчийг хориг арга хэмжээгээр шийтгэж байгаагаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдөр мэдэгджээ.
“Өнөөдөр би Олон Улсын Эрүүгийн Шүүхийн хоёр шүүгч болох Гүржийн Гоча Лордкипанидзе, Монголын Эрдэнэбалсүрэн Дамдин нарын эсрэг 14203 тоот захирамжийн дагуу хориг арга хэмжээ авч байна. Эдгээр хүмүүс нь Израиль улсын зөвшөөрөлгүйгээр Израилийн иргэдийг мөрдөн шалгах, баривчлах, саатуулах, яллах зорилготой ОУЭШ-ийн үйл ажиллагаанд шууд оролцсон бөгөөд үүнд арванхоёрдугаар сарын 15-нд Израилийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн эсрэг санал хураалтад оролцсон үйлдэл багтаж байна. ОУЭШ нь бүх улс үндэстнүүдийн хувьд аюултай жишиг тогтоох Израилийн эсрэг чиглэсэн улс төржсөн үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байна.
Бид АНУ болон Израилийн бүрэн эрхэт байдалд халдаж, АНУ болон Израилийн иргэдтэй буруугаар харьцсан ОУЭШ-ийн хууль бус үйлдлүүдийг тэвчихгүй. Тус шүүхэд өгөх манай мессэж тодорхой: АНУ болон Израиль нь Ромын Дүрэмд нэгдээгүй тул ОУЭШ-д харьяалагдахгүй. Бид ОУЭШ-ийн хууль бус, хэтрүүлсэн үйлдэлд мэдэгдэхүйц бөгөөд бодитой хариу арга хэмжээ авсаар байх болно” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: state.gov
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!