Өнгөрсөн Ням гарагт Австралийн далайн эргийн Бонди Бич амралтын газарт зэвсэгт халдлага гарахад 15 хүний амь үрэгдсэн нь сүүлийн 30 орчим жил тохиолдоогүй том аллага болсон юм.
Үүнийг исламын экстремист үзэл сурталд автсан аав, хүү хоёр жүүд иргэдийн эсрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэ халдлага бас Австралийн галт зэвсгийн хяналт сул байгааг харуулсан юм.
Тэгвэл өнөөдөр Австралийн засгийн газар иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийг худалдаж авах хөтөлбөр зарлажээ.
Одоогоор тус улсын иргэдийн эзэмшилд нийт дөрвөн сая гаруй галт зэвсэг байгааг ерөнхий сайд Энтони Албаниз сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Энэ нь 1996 онд Тасмани арлын Порт Артурт 35 хүний амь үрэгдсэн өмнөх томоохон халдлагын үетэй харьцуулахад өссөн тоо ажээ.
“Эдгээр террористуудын нэг нь Сиднейн захын хороололд галт зэвсгийн зөвшөөрөлтэй, зургаан буутай амьдарч байсныг бид мэднэ. Ийм нөхцөлд амьдарч буй хүнд ийм олон буу хэрэгтэй байх шалтгаан байхгүй. Хэрвээ иргэн та бууныхаа тоог цөөрүүлэх гэж байгаа бол буцаан худалдаж авах хөтөлбөр үүний шийдэл байх болно” гэж тэр хэлсэн юм.
Иргэдээс галт зэвсэг худалдаж авах хөтөлбөрийг 50:50 харьцаагаар холбооны засгийн газар болон орон нутгийн захиргаа санхүүжүүлэхээр болжээ.
Австралийн засгийн газар энэ арга хэмжээний хүрээнд хэдэн зуун мянган галт зэвсэг цуглуулан устгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Засгийн газар бас галт зэвсгийн хяналтаа чангатгаж, нэг хүнд зөвшөөрөгдөх бууны тоог цөөрүүлж, зөвшөөрлийн босгыг өндөрсгөж, Австралийн иргэний харьяалалтай хүнд зөвхөн зөвшөөрөл олгохоор болсон байна.
Мөн галт зэвсгийн бүртгэлийг сайжруулж, уг асуудлыг хариуцагч байгууллагуудад гэмт хэргийн мэдээллийн санд хандах эрх өгөхөөр болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!