Уншиж байна ...

Эмэгтэй хүний бие дээр бичсэн "Лолита" романы эшлэлтэй Эпштейний хэргийн шинэ гэрэл зургууд ил боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нэр нөлөө, эрх мэдэл бүхий хүмүүст залуу охид бүсгүйчүүдийг зуучилж, бэлгийн мөлжлөг явуулж байсан гэгддэг Жефри Эпштейн агсны хэргийг тойрсон дуулиан үргэлжилж байна.

Уг хэрэгтэй холбоотой баримтуудыг АНУ-ын хууль зүйн яам олон нийтэд ил болгох хуулийн хугацаа өнөөдөр буюу Баасан гарагт дуусаж байгаа юм.

Үүнийг угтуулан өчигдөр Ардчилсан Намын хууль тогтоогчид Эпштейн агсны хувийн эдлэнгээс олдсон шинэ гэрэл зургуудыг нийтэлжээ.

Уолл стритийн нэртэй санхүүчдийн нэг байсан Эпштейн 2019 онд Нью-Йоркийн шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа амиа хорлосон юм.

Өчигдөр нийтэлсэн гэрэл зургууд нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналтын байнгын хорооны мэдэлд байгаа 95,000 орчим гэрэл зургийн нэг хэсэг юм байна.

Ардчилсан Намынхан өмнө нь ерөнхийлөгч Трамп, Клинтон болон Британийн хунтайж Эндрью нарын Эпштейний эдлэнд авхуулсан зургуудыг ил болгож байв.

Өчигдрийн зургууд дээр Эпштейн агсан Эмиратын нэг бизнесмэнтэй хамт хоол хийж байгааг, бас тэрбумтан Билл Гэйтс нэг бүсгүйтэй зэрэгцэн зогсож буйг харуулжээ.

Мөн зохиолч Владимир Набоковын “Лолита” романаас авсан эшлэлүүдийг эмэгтэй хүний бие дээр бичсэнийг харуулсан гэрэл зургууд багтсан байна.

Уг романд насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон эрэгтэйн тухай түүхийг өгүүлдэг. Эшлэлүүдийг эмэгтэй хүний хүзүү, цээж, нуруу болон хөл дээр бичсэн байжээ.

Эдгээрээс гадна гар утасны дэлгэцээс авсан текст мессэжийн зургийг харуулсан байна.

Үл мэдэгдэх хүний бичсэн уг мессэжэд “Миний нэг скаут найз өнөөдөр хэдэн охин явуулна гэсэн. Гэхдээ тэр охин бүрээс $1,000 нэхэж байна. Би одоо охидыг явуулна. Магадгүй тэдний зарим нь Ж-д таалагдах байх” гэж бичсэн байжээ.

Мөн Орос, Чех, Украин, Өмнөд Африк, Литва улсын паспортууд, визүүд, Эпштейний үл таних эмэгтэйчүүдтэй авхуулсан зургууд нийтлэгдсэн байна.

Ардчилсан Намаас сонгогдсон Хяналтын байнгын хорооны гишүүн Роберт Гарсиа “эдгээр шинэ гэрэл зургууд нь Хууль зүйн яамны мэдэлд яг юу байгаа талаар асуудлыг улам хурцатгаж байна. Бид Цагаан ордны нууж буй зүйлийг илчилж, хууль зүйн яам Эпштейний хэргийн материалуудыг задлах ёстой” гэж мэдэгджээ.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Associated Press