Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авчээ.
Уг давхарт нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө 1, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн засварлажээ.
Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой.
Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11,000 шоо метр агаар цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8,500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4,500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтайгаар шийдсэн.
Засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин өрөөний төлөвлөлтийг өөрчилж, мэс заслын өрөөнүүдийн ханыг буулган шинээр төлөвлөхөөс гадна нян үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийх, автомат болон ган хаалга суурилуулах, дотор сантехникийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэх, эмнэлгийн хийн, хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.
Засвар, шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Л хоёр” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!