Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Иргэн та 1,000 төгрөгний баримтаа аваагүйгээс 100 САЯЫГ хожих боломжоо алдав аа!

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Сангийн яаман дээр НӨАТ-ын буцаан олголт, сугалааны талаар мэдээлэл өглөө.

Татварын Ерөнхий Газар болон систем хөгжүүлэх төслийн нэгжийн зүгээс энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болгожээ.

Одоо ААН-үүд тус программыг өөрсдийн кассын машинд суулгах, эсвэл ebarimt.mn цахим хуудсаар дамжуулан өөрт тохирох хувилбараар ашиглах бүх боломж нээлттэй байгаа талаар мэдээллээ.

Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломжтой болж байна. Энэхүү баримтаа ebarimt.mn сайтад орж бүртгүүлснээр сугалаандаа хамрагдаж, жилдээ нэг удаа худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах эрхтэй.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд жилдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай томоохон сугалаа ард иргэдийн дунд явуулах гэж байна.

НӨАТУС-ын Төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэвлэлийн бага хурлын үеэр сугалааны талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Жилийн шагналын сан нь 22 тэрбум төгрөг байгаа. Төлбөрийн албан ёсны баримт дээр хоёр серийн дугаар, найман тоотой байгаа. Иргэдийн гар дээр очиход л ойлгомжтой, сугалааны дугаар байгаа. Тэгэхээр иргэд сугалааны дугаараа харж, телевизээ үзээд сугалаанд оролцоно. Хамгийн эхний сугалаа битүүний өдөр болох болов уу гэж бид харж байна. Тухайн үед нь бид зарлана.

Тэр өдөр нэгдүгээр сарын 1-31 хүртэл цуглуулсан баримт дунд сугалаа явагдана. Энэ сугалааны орон нь хойноосоо тоологдоно. Таны дугаар хойноосоо гурван орон таарах юм бол хамгийн багадаа 30 мянган төгрөг хожчихлоо л гэсэн үг. Шаталж өгссөөр байгаад найман орон таарах юм бол 100 сая төгрөг хүртэл хожих боломжтойгоор манай журам батлагдах гээд явж байна. Журам маань эцэслэгдээгүй байгаа. Эцэслэгдээд ирэхээр бид албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

Жилдээ 12 удаа, сардаа нэг удаа энэ сугалаа явагдана. Сар бүр 1.8 тэрбум төгрөгийн сугалаа явагдана гэхээр асар олон хүн хожих боломжтой.

Энэ маань төсөвт суугдсан мөнгө. Төсвөөс яг ийм хэмжээний сугалаа явуулахыг зөвшөөрчихсөн байгаа” гэв.

Тиймээс иргэдийн зүгээс худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах, өндөр шагналтай сугалаанд оролцохын тулд НӨАТ-ын баримт хэвлэдэг дэлгүүр, үйлчилгээний газраар үйлчлүүлэх, баримтынхаа дугаарыг нэгдсэн мэдээллийн системд оруулах хэрэгтэй болж байна.

Цахим орчинд ажиллах чадваргүй иргэд доорх хуудсыг хэвлэж, худалдан авалт хийсэн кассандаа өгснөөр мэдээллийн системдээ бүртгүүлж болох юм. Энэхүү хуудсыг доорх сайтаас татаж аваад хэвлэх боломжтой.

 

 

Иргэд ямар дансны дугаараар НӨАТ-ын буцаан олголтоо авахаа өөрсдөө мэдэх аж. Хамгийн гол нь www.ebarimt.mn цахим хуудастай сайтар танилцана уу.