Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшуулах авах эрхтэй, сугалаатай баримтыг хэрхэн хэвлэх вэ?

Г.Номин, iKon.mn
2015 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг энэ сарын 1-ээсэхлэн он дуустал нээн ажиллуулж байгаа.

ААН-үүдийн зүгээс системд хэрхэн нэгдэх талаар НӨАТУС төслийн нэгжид хандах нь ихэссэн байна. Тиймээс тус төслийн нэгжийн технологийн албаны захирал Т.Батбилэгээс албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудсанд хэрхэн бүртгүүлэх талаар тодрууллаа.

-ААН-үүд системд хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгөөч?

-ААН-үүд маань төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэрхэн хэвлэх талаар их асууж байна. 

ААН, байгууллага баримт хэвлэдэг кассын машин ашигладаг бол тус машиндаа Татварын Ерөнхий Газраас гаргасан нэмэлт программыг суулгаад л албан ёсны төлбөрийн баримт хэвлэх боломжтой болж байгаа. Хэрвээ кассын машин хэрэглэдэггүй бол бизнесийн зарчмаараа кассын машин нийлүүлэгч компаниудаас худалдаж аваад хэрэглэж болно.

Бидний зарлаж байгаа ebarimt.mn цахим хуудас үнэ төлбөргүй бөгөөд төлбөрийн баримтыг гаргаж өгөх хялбаршуулсан цахим хуудас юм.

Тэгэхээр кассын машин зайлшгүй авах шаардлагагүй, цөөн тооны худалдаа, гүйлгээ хийдэг ААН-үүд хялбаршуулсан цахим хуудсыг ашиглах боломжтой. 

- Системийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ?

- Системийг албан ёсоор нээхээс өмнө турших зорилгоор нэг сарын өмнө нээгээд байна. Энэ хугацаанд ААН-үүд маань системд нэвтэрснээр бид үлдэж байгаа хугацаанд ирэх ачаалалын хэмжээ, ямар нэгэн доголдол гарах эсэхийг урьдчилан харж шаардлагатай өөрчлөлтүүдийг Үндэсний Дата Төвийн мэргэжилтэнгүүдтэйгээ хамтраад шийдээд явах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Систем маань бэлэн болсон хэдий ч энэ нэг сарын хугацаанд аюулгүй байдлаа улам баталгаажуулна.

Систем маань Монгол Улсын онцгой обьект буюу Үндэсний Дата Төв дээр байрлаж байгаа учраас мэдээллийг алдах, гаднаас нь халдлагад өртөх зэрэг эрсдэлээс хамгаалагдсан гэж үзэж байгаа.

Түүнчлэн гэнэтийн, байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо гэхэд мэдээллийг хадгалж авч үлдэх зорилгоор өдөр бүр мэдээллийг нөөцөлж авах тогтолцоог нэвтрүүлж, мэдээллийг давхар хадгалж байгаа.

- Хоёр сервер байгаа гэсэн үг үү?

- Тийм. Үндсэн систем унасан ч гэсэн нөөц төв залгуулаад ажиллах боломжтой. Мөн 12 цагт багтаагаад үндсэн системээ сэргээх хэмжээний тооцоолол гарсан байгаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.