Шинэ эсвэл хөлдөөсөн чацарганыг бяцалж шүүсийг нь гаргаад нарийн шүүр юм уу самбайгаар шүүж үр, хальснаас нь ялгасан ундааг чацарганы шүүс гэнэ. Чацарганы шүүс нь В1, В2, В6, C, Е, К зэрэг олон төрлийн аминдэмээр баялаг бөгөөд ашигтай тос агуулдгаараа онцлогтой.
Тиймээс ханиад томуу ихэсдэг өвлийн улиралд хүн бүр аминдэмийн дутагдлаас сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор өдөр тутамдаа чацарганы шүүс ууж хэрэглэвэл ашиг тустай.
Чацарганы шүүсийг орц найрлагаар нь холимог, чихэрлэг, шимүүслэг шүүс хэмээн ангилж болох бөгөөд эдгээрийг хийж бэлтгэх аргачлалыг дор оруулъя.
Орц: чацаргана, үхрийн нүд, улаан лууван, алим эдгээрийн шүүс, мөн элсэн чихрийн уусмал. Хүйтэн усаар угаасан чацаргана, үхрийн нүд болон угааж хальсалж цэвэрлэсэн улаан лууван, алимыг тус бүрд нь тохирсон аргын дагуу шахаж шүүсийг нь ялгаад холино.
Дээр нь өөрийн амталгаагаар бэлдсэн элсэн чихрийн уусмал нэмнэ. Уусмал бэлтгэхдээ усаа халааж буцалгаад элсэн чихэр нэмээд бүрэн уустал сайтар хутгана.
Мөн чацарганы шимүүслэг шүүсийг нохойн хошууны хандтай хольж зөгийн балаар амталбал маш сайхан амт, үнэртэй ундаа болдог.
Чацарганыг бяцалж, шаарыг нь шүүгээд цэвэр шүүсийг ялгана. Үлдсэн шааран дээр 40°С-тай халуун бүлээн ус нэмж модон хутгуураар аажуухан сайтар хутгаад 2 цаг орчим байлгана. 1 кг шааранд
200-500 мл ус байхаар өөрөө тохируулж хийнэ. Дараа нь самбайгаар шимүүслэг шүүсийг шүүж элсэн чихэр нэмж буцалтал нь халаана. 1 литр шүүсэнд 700-800 гр элсэн чихэр нэмнэ. Үүнийгээ 2 дахин их хэмжээний цэвэр шүүстэй холино.
Угааж цэвэрлэсэн 1 кг чацарганыг няцлаад дээр нь 200 мл буцалсан бүлээн ус нэмж 40°С хүртэл зөөлөн халаагаад шүүнэ. Чацарганы шүүсийг ялгаад үлдсэн шаарыг нь агаар, салхи сайн ордог хөндий дэлгэж хатаагаад, цагаан идээ зэрэгтэй хольж хүнс бэлтгэж болно.
Малчид чацарганы шаарыг аарцтай хольж шаргалдуу өнгөтэй, тос даасан, амтлаг зөөлөн ааруул хийж элэг, ходоодны өвчинд эмчилгээний зориулалтаар идэж хэрэглэдэг.
Мөн давжаа биетэй төл малдаа чацарганы шаар идүүлж хурдан тэвээрүүлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!