ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭГ: “Бороометр” буюу эгэл бөөмс

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 12 сарын 16
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл

Бид Ikon.mn-тэй хамтран Gereg magazine-ий онцлох нийтлэлүүдийг бүрэн эхээр нь хүргэхээр болов. Манай сэтгүүлийн 2016 оны I улирлын захиалга эхэлсэн бөгөөд таныг сонголтоо хийхэд дараах нийтлэлүүд тусална гэж найдаж байна.

Энэ удаад манай сэтгүүлч Г.Ариунзул, Д.Мишээл нарын дундаж орлоготой айл, өрхүүдээс хийсэн "Бороометр" буюу эгэл бөөмс нийтлэлийг хүргэж байна. Уг нийтлэл 2015 оны Балдорж шагналын шилдэг 20 нийтлэлийн тоонд багтсан билээ


Халуун нар шарсан амралтын өдөр хотын захад байрлах нэгэн гудамжаар өгсөж явсаар бид зорьсон айлдаа ирэв. Хашааны хаалгаар ормогц цементээр хучсан сагсан бөмбөгийн талбай, төмрөөр хийсэн гурван ТҮЦ, нямбайлан будаж чимэглэсэн хүрээтэй нэг давхар байшин биднийг угтлаа. Гэрийн эзэн Батаа нохойгоо хорьж, бид хашаан доторх эд зүйлс, тохижилтыг анхааралтай ажсаар байшин руу оров.

Хажуу хамрын хашаануудаасаа тохь тух, цэвэр цэмцгэр байдлаараа илт ялгарах эл айл лав олон охинтой айл байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд буусныг нуух юун. Дотогш орвол гэрийн эзэгтэй Даваа хэрээсэн хатгамлаар “Мөрөөдлийн байшин” нэртэй бүтээлийг хичээнгүйлэн оёж сууна.

Харин гэрийн зүүн хойморт байрлах компьютерийн ширээн дээр суух том хүү чихэвч зүүгээд дэвтэр дээрээ юу ч юм бичиж байв. Бидний төсөөлж байсан шиг олон охин байсангүй. Батаагийнх нэг охин, гурван хүүтэй өнөр гэр бүл. 

 

Батаа, Даваа хоёрыг арван жилийн өмнө гурван хүүхдээ хөтлөөд Завхан аймгаас нийслэл хот руу нүүж ирэх үед тэдэнд ердөө л ганц “Портер” авч хүрэх мөнгө байжээ. Харин одоо тэд бүл нэмж зургуулаа болсноос гадна тохилог хашаа байшин, хүүхдийн тоглоомын талбай, бас мэдээж хөл дүүжлэх унаатай болсон.

Гэрийн эзэн 42 настай Батаа захиалгаар хашааны гүйдэг хаалга, ТҮЦ, гэрийн тавилга, машины доторлогоо гээд олон зүйл хийдэг. Түүний ажлын байр гэртэй нь залгаа.

Батаа гэрийнхээ бүх тавилга, зуух болон эхнэр, хүүхдүүдийнхээ оёсон хатгамлуудын жаазыг хүртэл урласан байна. Харин Даваа нөхрийнхөө ажилд тусалж, хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн хажуугаар хэрээсэн хатгамал оёх дуртай, уран бүсгүй. Тэдний гурван хүү, нэг охин ч мөн аав, ээжийнхээ уран гар, бүтээлч сэтгэлгээг өвлөн авсныг гэрийнх нь ханаар өлгөсөн өөрсдийнх нь бүтээлүүд гэрчилнэ. 

-Хань бид хоёрын гол зорилго бол дөрвөн хүүхдээ л дээд боловсролтой болгох. Дараа жил хоёр том маань төгсөнө. Охин эмч болно гэсэн. Том хүү маань харин хараахан мэргэжлээ сонгоогүй байгаа. Дунд хүү бол багаасаа л лам болно гэж ярьдаг байсан.

Энэ жил сургуульдаа явахгүй, харин Энэтхэг улсад шавилан суралцахаар болсон. Ганц мөрөөдөл нь биелж байгаа гээд бөөн баяр болсон хүн л байна гэж ярих гэрийн эзэгтэйн дэргэд бага хүү Эрдэнэ эвлүүлдэг шоог нэг нааш, нэг цааш түлхэж тоглоно. 

 

Батаагийнх бол Монголын эдийн засгийн томоохон ачааг үүрч явдаг дундаж орлоготой өрхийн нэг билээ. Аливаа улс оронд дундаж амьжиргаатай өрх, түүний гишүүд нь тухайн орны эдийн засгийн гол суурь болж байдаг.

Эдийн засагч Ч.Хашчулуун өнгөрсөн онд “Mongolian Economy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын хүн амын орлогын хуваарилалтын тухай дурдахдаа, хүн амын 27 хувь нь бага орлоготой, 4-6 хувь нь өндөр орлоготой, харин үлдсэн 67-69 хувь нь дундаж орлоготой байна хэмээсэн юм.

Тэгэхээр манай улс бол дундаж орлоготой иргэдийн орон юм. Нийгэм дэх ядуу ба баян иргэдийн харьцаа тухайн нийгэм, улс орны хөгжлийг илтгэх голлох үзүүлэлт болж чаддаггүй ч нийт хүн амд эзлэх дундаж давхаргынхны хувь хэмжээ нь нийгмийн бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй байдаг талаар судлаач Т.Нарантуяа “Дундаж орлоготой өрхүүд нийгмийн цөм болдог” хэмээх бүтээлдээ дурдсан байдаг. 

Үндэсний статистикийн хорооноос явуулсан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд дурдсанаар өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 962,300 төгрөг байна. Харин зарлага 962,000 буюу 2013 оны мөн үеэс 126,200 төгрөгөөр буюу 15.1 хувиар өсчээ.

Гэвч бид үүгээр өрхийн орлого, зарлага, ядуурал, ажилгүйдлийн талаар өгүүлэх гэсэнгүй. Харин Монголын эдийн засгийг хөдөлгөгч хүч болох дундаж орлоготой гэр бүлүүдийн өдөр тутмын амьдрал, аз жаргалтай мөчүүд, бас алдаа оноо, асуудал бэрхшээл хийгээд амьдралаа өөрсдийн гараар босгож буй эгэл баатруудын тухай өгүүлэх гэсэн юм.

Эцэг эх, гэр бүлээсээ өв залгамжилж авсан суурь хөрөнгөгүй ч бүгдийг эхнээс нь эхэлж, алхам алхмаар урагшилж, ирээдүйн зорилго өөдөө тэмүүлж, өөрсдийн түүхээ бүтээж буй гэр бүл манай улсад олон бий. 

 

-Өөрсдийн хүчээр сурч боловсроод, хөдөлмөрлөөд, амьдралаа босгож байгаа гэж бодохоор л бидний амьдрал илүү амттай санагддаг. Асуудал, бэрхшээл тохиолдолгүй л яахав. Гэхдээ өнгөрсөн амьдралаа эргээд харахад бид хоёр бас ч овоо их юм босгож дээ гэж бодогддог. Цаашдаа ч хийж бүтээх зүйл их байна хэмээн Ц.Сүнжидмаа ярьж байна.

Герман хэлний багш мэргэжилтэй тэрбээр Баянхонгор аймгаас нийслэлд суурьшаад удаагүй, нүдэнд дулаахан, дөлгөөн харцтай залууд сэтгэл алдарсан нь зургаан жилийн өмнө болсон үйл явдал. Ц.Сүнжидмаа, Ц.Мөнгөнсэлэнгэ нар одоо М.Заяаныбаяр хэмээх өхөөрдөм охинтой.

Амьдралынх нь утга учир болсон бяцхан үр нь тэднийг өглөө эртлэн босож гэрэлт ирээдүйнхээ төлөө шантралгүй зүтгэх урам зориг хайрладаг. Залуу хосууд өмнө нь орлогынхоо дийлэнх хувийг байрныхаа зээлийг төлөхөд зарцуулдаг байсан бол одоо хуримтлал үүсгэхэд анхаарч байгаа тухайгаа ярьсан юм. Тэд толгой өндийх завгүй хөдөлмөрлөж, хоёр өрөө байрныхаа 10 жилийн гэрээтэй лизингийг таван жилийн дотор төлж дуусгасан байна. 

Үүр цайхтай уралдан босож ажилдаа гараад, орой 22.00 цагийн үед гэртээ ирдэг тул тэдний охиныг эмээ, өвөө нь цэцэрлэгээс авч, хүргэж өгдөг. Гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх боломж долоо хоногт нэг, ихэнхдээ хоёр долоо хоногт ганц тохиодог хэдий ч хоёул ажил, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө ядрахыг умартан хөдөлмөрлөж буй.

Тэдэнд ажил дээр тулгарсан асуудал болон аливаа жижиг маргаанаас болж ам зөрөх, бухимдах тохиолдол бий. Тийм үед анх танилцахдаа бие биедээ өгсөн амлалт, сэтгэлээ илчилж байсан ил захидлуудаа үзэж, тэдний амьдралыг холбосон ариун дурсамжаа сэргээн, цаашид тохиолдох саад бэрхшээлийг даван туулах эрч хүч, итгэл найдвараар цэнэглэгддэг тухайгаа  хуучилсан юм.

Дундаж орлоготой дийлэнх өрхүүд суурь хөрөнгөгүй байдаг тул байр, машин зэрэг томоохон үл хөдлөх хөрөнгөө зээлээр авах, эсвэл орлогоосоо хуримтлал үүсгэх замаар эдийн засгийн төвшнөө дээшлүүлж байна. Монголбанкны мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 73,208 зээлдэгч ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан байна. 2013 оноос найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойш банкны зээлээр орон сууц худалдаж авсан иргэдийн тоо огцом өсчээ.

Тухайлбал 2012 оны байдлаар улсын хэмжээнд ипотекийн зээлд хамрагдагчдын тоо 29,887 байсан бол ирэх жил нь 48,320 болж өссөн байна. Мөн энэ оны долоодугаар сараас эхлэн орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь хүртэл бууруулж, үлдсэн 20 хувийг Засгийн газрын зээлийн батлан даалтын сан хариуцах шийдвэр гарсантай холбогдуулан зээлдэгчдийн тоо улам нэмэгдэх нь гарцаагүй. 

Зээл төлдөг гэр бүлүүд орлогынхоо дийлэнх хувийг банканд тушаадаг учраас хуримтлал үүсгэх боломж бага. Гэхдээ дундаж болон түүнээс дээш орлоготой гэр бүлүүд аль болох орлогоосоо хуримтлал босгохыг хичээж, аль эсвэл улсаас олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг нэмэлт орлогыг өрхийн хуримтлалдаа нэмдэг байна.

“National Life” компаниас өнгөрсөн онд нийслэлийн 1,500 өрхийн дунд явуулсан “Гэр бүл санхүүгийн байдал, өрхийн төсвийн орлого, зарцуулалтын судалгаа”-ны тайланд дурдсанаар айл өрхүүд сард дунджаар 80,000 төгрөгийг өрхийн хуримтлалдаа нэмдэг байна.

Гэхдээ хуримтлал үүсгэж чадалгүй цалингаас цалингийн хооронд амьдардаг гэр бүлүүд ч цөөнгүй бий. “Гэнэт мөнгөний шаардлага гарсан үед хэрхэн шийдвэрлэдэг вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон өрхүүдийн 42 хувь нь цалингийн болон бусад зээлд хамрагддаг, 33 хувь нь ойр дотнын хүмүүсээсээ зээлдэг, 12 хувь нь ломбарданд эд зүйлсээ тавьдаг хэмээн хариулсныг тайланд тэмдэглэжээ. 

-Цалингийнхаа яг хэдийг цааш нь хийх вэ гэдгээ сайтар тооцоолохгүй бол олсон хэдэн төгрөг маань нэг мэдэхэд л дуусчихна. Тэгээд л цалингаас цалингийн хоорондох амьдралаар амьдрах болно хэмээн Ц.Мөнгөнсэлэнгэ ярьсан юм.

 

Тэр “Мөнхийн үсэг” компанид хэвлэгчээр ажилладаг. Хүний хэрэгцээ, шаардлага гэдэг хязгааргүй ойлголт. Нэг хүссэн зүйлээ бүтээж, өөрийн болгоход нөгөө нэг нь шинээр бий болж байдгаас хойш бодит хэрэгцээ, хүсэл шуналын заагийг тогтоож байж л хуримтлал үүсгэх боломжтой.  

Хүний хэрэгцээ, шаардлага гэдэг хязгааргүй ойлголт. 

Гэвч дундаж орлоготой өрхийн гишүүд мөнгөн хуримтлалд гэхээсээ илүүтэйгээр мөнхийн хуримтлалд буюу хойч үеийнхээ ирээдүйн боловсролд илүү анхаардаг аж. 

Дөрвөн хүүхдийнхээ боловсролыг нэн тэргүүнд тавьдаг Батаагийнх анх хашаагаа сонгохдоо автобусны буудалтай ойрхон байх гэдэг шалгуур үзүүлэлтийг чухалчилсан. Дээд боловсрол эзэмшихийн тулд чанарыг эрхэмлэхийн чухлыг ойлгосон тэд хүүхдүүдээ гэрийн хаяан дахь бус, харин нэлээд хэдэн буудлын цаадах сургуульд оруулжээ. Хүүхдүүдийнх нь хичээл өөр өөр цагаас эхэлдэг тул ээж нь зөвхөн бага хүүгээ л сургуульд нь хүргэж өгч чаддаг.

Хотод нүүж ирээд удаагүй байхад хүүхдүүд нь өвөл автобусаар сургуулиасаа гэр лүүгээ явах замдаа төөрч будилан, буруу буудал дээр буугаад нэг нэгнээ эрж хайх явдал бишгүй тохиолддог байж. Эрт харанхуй болдог, автобусны цонх цантаад аль буудал дээр ирж байгааг мэдэхэд хэцүү байдаг болохоор хүүхдүүдийн хувьд өвлийн улирал хамгийн хэцүү байдаг тухай ярьсан юм. 

 

-Хүүхдүүдийн харьж ирэх цаг өнгөрчихөөд байхад ирэхгүй удаад байвал би машиныхаа ослын гэрлийг асаагаад, сургуулиас гэр хүртэлх автобусны буудлуудаар бөөн эрэл хайгуул болдог. Тэгж байж хүүхдүүдээ олно шүү дээ хэмээн гэрийн эзэгтэй хөгжилтэйгээр дурсан ярьж байна. Нэг үеэ бодоход хүүхдүүд нь биеэ дааж, тусад орсон болохоор ээж, аав нь одоо элдэв зүйлд санаа зоволгүй, хүүхдүүдээ бусдаас дутах зүйлгүй амьдруулахын төлөө л зүтгэж байгаа.

Том хүү Б.Ариунболд, охин Б.Сарантуяа нар нь удахгүй их сургуулийн босго алхах тул хоёр оюутны сургалтын төлбөрийг урьдаас базаахыг хичээж байгаа тухай гэрийн эзэн ярилаа. Дундаж орлоготой өрхүүдийн орлогын дийлэнх хувь нь хоол хүнс, цахилгаан, ус, байрны мөнгө, сургалтын төлбөр зэрэгт зарцуулагддаг. 

Үндэсний статистикийн хорооны тайлангаас харвал өнгөрсөн оны гуравдугаар улиралд өрхийн зарлагын 24.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүнд, харин үлдсэн нь хүнсний бус бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. Сургалтын төлбөр гэдэг зүйл дундаж орлоготой өрхүүдийн хамгийн том даваа байдаг гэхэд хилсдэхгүй.

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд амьдардаг Ц.Рэнцэндоржийнх гэхэд бага охиноо “Жаргалан” дунд сургуульд суралцуулж байсан боловч энэ жил сургалтын төлбөр 2.0 сая төгрөгийг давсан болохоор IX дунд сургууль руу шилжүүлж байгаа юм байна.

Харин өнгөрсөн жил дунд сургуулиа төгссөн том хүү нь их сургуульд сурахын оронд шууд ажил хийхээр шийдсэн байна. Тэр эцэг эхээрээ дөрвөн жил сургалтын төлбөр төлүүлж, хүссэн хүсээгүй сурч байснаас өөрөө хөдөлмөрлөж орлого олох замыг сонгосон нь энэ.

 

 

Удахгүй аав болох гэж байгаа болохоор түүнд эхнэр, хүүхдийнхээ хэрэгцээт зүйлсийг авахаас эхлээд өрхийн сайн тэргүүн болох бэлтгэлээ хангах гээд мөнгөний хэрэгцээ мундахгүй их гарч байгаа гэнэ.

Ц.Рэнцэндорж, Д.Сувдаа нар усны тэрэг хийж, борлуулдаг гэр бүлийн бизнес эрхлээд 20 гаруй жил болжээ. Гагнуурчин мэргэжилтэй Ц.Рэнцэндорж өглөө эртлэн босоод, өмнөх өдөр нь бэлдэж тавьсан таван тэрэгнийхээ дугуйг угсарч “Портер” машиндаа ачаад “Нарантуул” зах дээр хүргэж өгдөг.

Харин Д.Сувдаа нөхрийнхөө хийсэн тэргүүдийг борлуулдаг байна. Зах дээр тэдэнтэй адил усны тэрэг хийж борлуулдаг 10 гаруй хүн бий. “Өмнө нь өдөрт дор хаяж гурван тэрэг зарагддаг байсан. Харин одоо хямралаас болоод их муу зарагдаж байна” хэмээн Д.Сувдаа ярилаа. Нэг тэргийг 50,000 төгрөгөөр борлуулдаг ч үүнээс 15,000 төгрөг нь л цэвэр ашиг болдог байна. 

Нэг биш нэлээд хэдэн төрлийн жижиг, дунд үйлдвэрлэл, хувийн бизнес эрхэлдэг өрх, хувь хүмүүс олон бий. Ийм гэр бүлүүдийн амьдралд эдийн засгийн хямрал, бизнес эрхлэгчдэд хамаатай тогтоол шийдвэр шууд нөлөөлж байдаг. Мэдээж хүн бүрт хэрэгцээгээ бүрэн хангахуйц орлоготой, өөрийн гэсэн байр, машинтай болох гэхчлэн өмнөө тавьсан зорилго бий.

 

Тэгвэл энэ зорилгынхоо төлөө хүн бүр, айл өрх бүр дор бүрнээ тууштай хичээн зүтгэж чадваас Монгол орон хөгжин дэвжиж, ард иргэдийн амьдрал хангалуун сайхан болох зам шулуун дардан болно. Гэхдээ төр засгаас орлогын хуваарилалт, татварын бодлого, мөнгөний бодлого зэрэг асуудлаар бодлогын ухаалаг зохицуулалт хийж чадахгүй бол зөвхөн иргэд нь борви бохис хийлгүй хөдөлмөрлөснөөр бүх зүйл бүтчих, улсынхаа эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт авчирчих хэрэг биш.

Дэлхийн залуу ерөнхийлөгчдийн байгууллагын Монгол дахь салбарын дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбатын ярьж буйгаар бол хэдийгээр ард иргэдийн оролцоо, идэвх чармайлт чухал ч нөгөө талаас нийгмийн шударга хуваарилалт, эдийн засгийн зөв тогтолцоо, бодлогын нарийн зохицуулалт чухал нөлөөтэй юм.

Бусад орны жишээнээс харахад эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд хэт баян, эсвэл хэт ядуу өрхийн тоог багасгаж аль болох дундаж давхаргынхныг нэмэгдүүлэхийг зорьж байна. Франц, Их Британи, Итали зэрэг орнууд дунджаар 60 гаруй сая хүн амтай, насжилтын хувьд хөгширч буй орнуудад тооцогддог бол 80 сая илүү хүн амтай Герман, 140 сая гаруй хүнтэй ОХУ-ын хүн ам жил ирэх тусам цөөрч байна.

Японы Засгийн газрын тооцоолсноор ирэх 15 жилийн дотор тухайн улсын нийт хүн ам 0.33 хувиар буурах юм. Эдгээр орнуудыг янз бүрийн ирээдүй хүлээж байна. Гэвч тэд бүгдээрээ орлогын хуваарилалтыг алдагдуулалгүй, нийт иргэдийн дунд эзэлж буй дундаж давхаргынхны хувь хэмжээг хэвээр хадгалах, эсвэл нэмэгдүүлэх сонирхолтой байгаа тухай “Business Insider” сэтгүүлд тэмдэглэсэн байна. 

Дэлхийн хамгийн хурдан өсөлттэй байгаа дундаж давхаргатай тив бол Африк юм. Дэлхий нийтэд “ядуурал”, “өлсгөлөн” гэх тодотголоор танигддаг тус тив сүүлийн жилүүдэд гайхам хурдацтай хөгжиж байгаа бөгөөд олон улсын томоохон компаниуд Африкийн орнуудад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.

Африкийн эдийн засаг өндөр хурдтай өсөж буйн нууц нь дундаж давхаргынхан юм. Энэ тивийн дундаж орлоготой өрхүүд гол төлөв цөөн ам бүлтэй, өөрийн гэсэн байр, орон сууцтай, тогтмол орлоготой байдаг бөгөөд ажил эрхлэхийн хажуугаар хувийн жижиг бизнестэй байдаг.

Батаагийн гэр бүл амралтын өдрөөр тавуулаа тарган, туранхайгаараа хоёр багт хуваагдан дартс тоглож, зуны улиралд гадаах шийдэн дээрээ сагсаар хоорондоо өрсөлддөг. Дүүргийн гэр бүлийн тэмцээнд амжилттай оролцож, улсад хүчээ сорих боломж олдсон хэдий ч тус тэмцээний шүүлтэд будлиан илт ороод байгааг ажигласан тэд тэмцээнийг орхин гараад, тавуулаа гуанзанд хооллосон тухайгаа инээмсэглэн дурсана. “Ардчиллын ачаар хүнд найдаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Улстөржих би дургүй. Идэр бага наснаасаа хөдөлмөрлөхийн чухлыг мэдэрсэн.

Мөн өөрөө л хазайхгүй явбал энэ амьдрал тун өгөөмөр шүү дээ” гэж өгүүлэх гэрийн эзэн Батаа болон түүнтэй адил дундаж орлоготой өрхийн мянга мянган гишүүд харвасан сум шиг хурдан өнгөрөх цаг хугацаатай уралдан борви бохисхийх завгүй ажиллаж, эргэн тойрон дахь дотнын хүмүүстээ тусалж явахдаа орой бүр зурагтаар гардаг улстөрчид, сонин хэвлэлийн эхний нүүрийг чимдэг бизнесмэнүүд бус, харин тэд өөрсдөө л өнөөгийн нийгэм хаашаа хэлтийхийн чигийг заадаг луужингийн зүү буюу оршин буй нийгэм, уосынхаа өнгө төрхийг тодорхойлогч “бороометр” (барометр) гэдгээ анзаардаггүй. Физикт эгэл бөөм гэсэн ойлголт бий. Дотоод бүтэцгүй тэдгээр нэгдлийг ертөнцийг бүтээгч гол тулгуур хэмээн үздэг. Тэгэхээр энэхүү нийтлэлд дурдсан, дурдаагүй эгэл баатруудыг эгэл бөөмс гэж ч нэрлэж болмоор. Чухамдаа энэ энэ эгэл хүмүүс л улс эх орныхоо шинэ цагийн түүхийг жинхэнэ ёсоор бичигчид билээ.

Зураг