Өнөөдөр Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг тус улс устөрөгчийн бөмбөгтэй болсноо албан ёсоор зарлалаа.
Удирагч Ким Жон Ун “бид өөрийн улс үндэстний тусгаар тогтнол, эх орныхоо нэр төрийг хамгаалах цөмийн болон устөрөгчийн зэвсэгтэй улс болж чадлаа” гэж хэлснийг дамжуулсан байна.
Тэр бас ингээд зогсохгүй, Хойд Солонгос нь цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлээ идэвхтэй хөгжүүлсээр байх болно гэжээ.
Өнөөдөр Ким Жон Ун Пьёньян хот дахь зэвсгийн шинэчлэгдсэн үйлдвэртэй танилцсаны дараа энэ мэдэгдэл гарчээ.
Үүнээс өмнө Хойд Солонгосын дэглэм устөрөгчийн бөмбөгний талаар огт үг цухуйлгаж байгаагүй юм.
2005 оны хоёрдугаар сарын 10-нд Хойд Солонгос анх цөмийн зэвсэгтэй болсноо зарлаж байв.
Энэ мэдэгдлийн дараа олон улсын хамтын нийгэмлэг тус улсад харамслаа илэрхийлж байсан бөгөөд түүнээс хойш 2006, 2009, 2013 онуудад гурван удаа газар доор туршилт хийсэн юм.
Сүүлийн туршилтын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ зарлаж байжээ. Үүний хариуд Хойдууд АНУ болон Өмнөд Солонгосыг цөмийн зэвсгээр сүрдүүлж байсан юм.
Харин устөрөгчийн бөмбөг бол хор хөнөөлийн хувьд дэлхий дээр байгаа хамгийн аюултай зэвсэг. Анх ЗХУ 1961 онд АН602 нэртэй устөрөгчийн бөмбөг бүтээж байсан юм.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!