ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын бэлгэдэл юу өгүүлнэ вэ?

Зууны мэдээ
2013 оны 10 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг
Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын захирал Д.Жаргалсайхан

-Монголыг хөнөөх далд утга агуулсан бэлгэдлийг өөрчлөх цаг болжээ-

Монгол Улсын хүн амын 50 хувь нь төвлөрөн суудаг Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргахаар зүтгэж байгаа шинэчлэлийн баг нийслэлийг билэгдэл, логог өөрчлөх шаардлагатай юм.

Амны билгээс ашдын билэг хэмээн сургадаг монголчуудын хувьд энэ нь бүр ч их хамаатай.

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийслэл хотын билэгдэл /лого/ ямар утга агуулгатай, юуг илэрхийлж,  хүмүүсийг хаашаа уриалан дуудаж байгаа нь нэн ойлгомжгүй. Тодотговол, энэхүү билэгдэл нь “Монголыг гурав салгаж, могойг гурав таслах ёстой” гэсэн Манж гүрний бодлого, сэтгэлгээний уламжлал шингэсэн гэж хэлж болохоор.

Манжийн дарангуйлалд байсан Монгол аймаг, хошуудын ажлыг байцаан шалгаж, засаглахын өмнө хятад газраас томилогдон ирсэн амбангууд Чин гүрний мандал бат орших ерөөлийг хангарьд шувуугаар төлөөлүүлэн тавиулж, ном уншуулах, овоо тахих зан үйлийг хийж байсныг түүхийн олон эх сурвалжид дурдсан нь бий.

Тэгвэл хангарьд шувуу могойг гурав таслан хөнөөж байгаа дүрслэл бүхий билэгдэл өнөөдөр Улаанбаатар хотын билэгдэл болчихоод байна.

Гэтэл могой бол монголчуудын байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, уламжлалтай нягт холбоотой лусын амьтан хэмээн шүтэн хүндлэгддэг, цэцэн саруул ухаан болон монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах билэгдэл болсон амьтан.

Тиймээс Улаанбаатар хотын билэгдлийг яаралтай өөрчлөх шаардлага тулгарсныг сануулах юун. Ингэхдээ үндэстний сэргэн мандал, хөгжил дэвшлийн зорилго, тэмүүллээ зөв хийсвэрлэн төгөлдөржүүлж, билэгдлээ сонгож ирсэн өвгөдийн туршлагаас суралцах нь зүйтэй.

Монгол хүн бүр могойн чуулгантай таарах, могой гэрт орохыг элбэг баян  энх тунх амьдрахын ерөөл гэж билэгшээж сүү өргөх, сүүн зам гаргах зэргээр хүндэтгэл үзүүлдэг бөгөөд хулгана, зурам залгисан могойг цагаан алчуур дээр хэвтүүлэн асран тойлж амийг аврах гэх мэт эцэг өвгөдөөс сургаж ирсэн зан үйл, уламжлалыг ч яахан мартах билээ. Хөх толбот монгол эхчүүд үрээ хэвлийдээ олох үедээ могой зүүдэлж  сэрдэг хэмээх зөн дом байдгийг бас бид мэднэ.

Учир иймд нэгэн цагт монголчуудыг дарлаж байсан манж үндэстний шүтээн шувуугаар монгол эхийн хэвлийд торних  алтан үрийг устгах далд утга санаатай, муу ёр шингэсэн билэгдлийг өөрчлөх санал асуулга, уралдааныг олон түмний дунд явуулах хэрэгтэй байна. Босоо заяат монгол үрсийн нэг миний хувьд шонхор шувууг багцалсан таван суман дээр суулгасан дүрслэлийг Улаанбаатарын шинэ билэгдэл болгох саналтай байна.

Энэ нь эзэнт гүрэн байгуулж эрч хүчтэй, эрэмгий дайчин явах үедээ  Мөнх хөх тэнгэрээ шүтэж, шонхор шувуугаа дээдэлж ирсэн уламжлалаа сэргээх зорилготой билээ. Монгол хүний саруул ухаан мөнхөд оршиж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Зураг