ЗАВХАН АЙМГИЙН Улиастай - Тосонцэнгэл чиглэлийн 61км хатуу хучилттай зам гүүрийн барилгын ажлын хүрээнд Зам, тээврийн сайдын 255 дугаар тушаалын дагуу Загастайн давааг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хааж Донойн хөндий, Сайрын дөрөлж, Дахтын даваагаар явах чиглэл батлагдсан.
Гэвч сүүлийн өдрүүдэд их хэмжээний ЦАС орсны улмаас батлагдсан чиглэлийн замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж замын нөхцөл хүндрээд байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж 2015 оны 11 сарын 17-ноос 25-ныг хүртэл хугацаанд оройн 17.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд тээврийн хэрэгслүүдийг ЗАГАСТАЙН ДАВААГААР зорчуулах нь зүйтэй гэж үзээд, уг хүсэлтийг Зам тээврийн сайдад хүргүүлэх шийдвэр гаргасан байна.
Загастайн даваа орчимд 20-30 см ЦАС унасан байгаа бөгөөд аймгийнхан зам давааг нээхээр ажиллаж эхэлжээ.
Замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байгаатай холбогдуулан Улаанбаатар - Завхан чиглэлд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны 09:00 цагт гарсан хот хоорондын зорчигч тээврийн автобус нь Архангай аймгийн Чулуут суманд хоноглосон бөгөөд өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хонохоор болсон байна.
Завхан - Улаанбаатар чиглэлд 11 сарын 15,16-ны өдрүүдэд зорчигч тээврийн хэрэгсэл гаргаагүй түр зогсоосон тул тус чиглэлийг зорих иргэд жолооч тээвэрчид нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг авсны дараа ЗАМД гарахыг ДАХИН анхааруулъя.
Эх сурвалж: АТҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!