Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Адьяа: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх эхний алхмаа хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн байранд боллоо. 

Дэфакто Институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан "1997-2000 оны үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай байсан. Одоо Монгол Улс өөр болсон. Манай улсын хийх гэж буй төслүүдэд гадаадын томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. 

Хөрөнгө оруулагч нар ямар нэгэн хөнгөлөлтөөс илүү улс төр, бизнесийн тогтвортой байдлыг л шаардаж байдаг. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тусгайлан авч үзэх шаардлага гарсан. Таван бүлэгтэй хуулийн төсөл байна" гэв. 

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх эхний алхмаа хийсэн гэсэн дохио болно гэдгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа онцоллоо. 

Хуулийг товч танилцуулбал: 

Хуулийн зорилт: 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг гадаадын шууд хөрөнгө оруулалтад түшиглэн дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

Төрийн дэмжлэг: 

  • Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого баримтлах 
  • Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийхэд урамшуулан дэмжинэ. 
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тогтолцоог бүрдүүлж, боловсронгуй болгох. 
  • Хөрөнгө оруулалтын нээлттэй, тааламжтай нөхцөлийг олгон ...тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах, тэнцвэртэй орчныг бүрдүүлнэ. 

 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн баримтлах зарчмууд 

  • Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байх 
  • Хууль дээдлэх зарчмыг тусгах, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх 
  • Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэхгүй байх 
  • Гэрээний үүрэг чанд биелэгдэх 
  • Нээлттэй ил тод, шуурхай, цахим байх  

Үр дүн: 

  • 14 мега төслийг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно. 
  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ. 
  • Татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ. 
  • Хөрөнгө оруулалтын орчны индекс сайжирна. Өрсөлдөх чадвар дээшилнэ 
  • Дэд бүтэц өргөжиж, жижиг дунд бизнесээс бүрдсэн ханган нийлүүлэлтийн сүлжээний үр ашиг нэмэгдэнэ.