Уншиж байна ...
Зураг
Зураг

Башар аль Ассад: Оросууд намайг нүүлгэн шилжүүлээгүй бол би Сирид үлдэх байсан

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 8-нд эх орноосоо дүрвэснээсээ хойш Сирийн ерөнхийлөгч асан Башар аль Ассад өчигдөр анх удаагаа олон нийтэд ханджээ.

Тухайн өдрийн өглөө босогчид нийслэл Дамаск хотод орж ирснээс хойш хэдэн цагийн дараа Оросын холбоотнуудынхаа тусламжтайгаар тэнгисийн эргийн Латакиа муж дахь Хмеймим агаарын бааз руу дүрвэсэн талаар Даваа гарагт тэр Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Эхэндээ Ассад уг агаарын баазад байрлаж, босогчдын эсрэг тэмцэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Гэвч удалгүй Хмеймим бааз руу босогчид дроноор довтолж эхэлсэн тул Оросын тал түүнийг орой нь Москва руу нүүлгэн шилжүүлэхээр шийджээ.

“Энэ үед би огцрох болон гадаад руу дүрвэх талаар огт бодоогүй байсан. Надад хэн ч тийм санал тавиагүй. Террористуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн ганцхан бодолтой байлаа” гэж Ассад бичжээ.

Харин өчигдөр Сирийн шилжилтийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Обейда Арно хэлэхдээ “Ассадын дэглэм эргэж буцалтгүйгээр дууссан. Орос улс Сири дэх ашиг сонирхлоо эргэн харах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Мөн Сири улсын шинэ засгийн газар дэлхий дахинд нээлттэй, хөрш улсуудтайгаа найрсаг харилцаатай байхыг амлаад АНУ болон бусад улсуудад босогчдын гол хүч Хаяат Тахрир аль Шам (ХТШ) бүлэглэлийг террорист байгууллагын жагсаалтаас хасахыг уриалжээ.

Тус бүлэглэлийн удирдлагатай АНУ-ын засаг захиргаа хэдийнээ шууд харилцаж эхэлснийг Арно энэ үеэр мэдээлсэн байна.

АНУ-ын дэмжлэгтэй Курдын зэвсэгт бүлэглэл одоо Сирийн зүүн хойд нутагт Исламын Улс террорист байгууллагатай тэмцэж байгаа.

Ассадын дэглэмийн үед Курд үндэстнүүд энэ нутагт хагас өөртөө засах статустай оршин суудаг байсан.

Сирийн шинэ засгийн газрын үед энэ бүс нутгийн ирээдүй яах нь тодорхойгүй байна.

Өчигдрийн мэдэгдэлдээ Арно курдүүдийг Сирийн ард түмний нэг хэсэг тул эрхийг нь хамгаалахаа амлажээ. Гэхдээ салан тусгаарлахыг нь зөвшөөрөхгүйгээ анхааруулсан юм.

“Курдүүд бол Сирийн ард түмний нэг хэсэг бөгөөд бид тэдний эрхийг хамгаалах болно. Сирийн нийгмийн олон үндэстэн угсаатны бүтэц нь сул тал биш, харин хүч чадлын эх сурвалж юм. Гэхдээ бид Сирийн нутаг дэвсгэрийг ямар нэг байдлаар хуваахыг огт зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.

Сирийн өмнөд хил дээр Израилийн арми Голаны өндөрлөгтэй залгаа завсрын бүсэд цэргээ оруулж, Ассадын дэглэмийн үеийн цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байгаа нь бас нэг санаа зовоосон асуудал болж байна.

 

Эх сурвалж: Associated Press