Хөгжлийн Банкны гэх хэсэг хэргийг өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Энэ дунд өнөөгийн УИХ-ын гишүүн хэд хэдэн хүнтэй холбоотой хэргүүд дахин сөхөгдлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэргийг хянаад, түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна.
Д.Цогтбаатар нь 2016-2020 оны хугацаад Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Хяналтын шатны шүүхийн тогтоолд "Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” гэжээ. Харин түүнийг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах нөхцөл бүрдэж буй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно” хэмээн заасан байдаг.
Д.Цогтбаатар нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгороос нийт 56 орчим мянган сонгогчийн санал авснаар парламентын гишүүнээр сонгогдсон. Мөн тэрбээр сошиалд шууд дамжуулалт хийж, олны танил танил болсон АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү юм.
Хуулийн дагуу гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд дараа нь холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан санал хураалтыг шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!