Томуу, томуу төст өвчний талаар Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр өвчлөлийн нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч Л.Золзаяа дараах хариултыг өгсөн юм.
Сэтгүүлч: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд ямар төрлийн эмчилгээг түлхүү хийж байна вэ?
Эмч: Тухайн хүүхдийнхээ шинж тэмдгээс хамаараад харилцан адилгүй.
Голчлон цээж шуугих буюу "шуугиант амьсгал"-тай хүүхдүүд ирж байгаа. Иймд гуурсан хоолойн агшилтыг тавиулах, харшил салстын хөөнгө байдлыг багасгах, гуурсан хоолойг нь тэлэх утлага эмчилгээг түлхүү хийж байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тухайд дан ганц вирус биш, 2-3 вирус хавсарсан байдаг. Мөн эмнэлгээс гараад богино хугацаанд буюу 1-2 хоногт дахин вирусийн халдварт өртөх магадлалтай.
Уушгины хатгалгааны эд үеийг нь 7-10 хоног намжаагаад эмнэлгээс гаргаж байгаа. Цааш гэртээ гараад дэглэм сахиж, бусад эмчилгээг өрхийн эмчийн хяналтад явуулдаг.
Сэтгүүлч: Ханиад томуугийн үед эмчилгээний үнэ ямар байдаг вэ?
Эмч: Эмчилгээнээс хамааран харилцан адилгүй. Олон хоног хэвтэх, антибиотикийн сонголт зэргээсээ шалтгаалаад үнийн дүн нэмэгддэг. Дунджаар 200,000-250,000 төгрөг болно.
Сэтгүүлч: Хүүхдийнхээ ханиад томууг хүндрүүлж ирэх тохиолдол их гарч байна уу. Чухам ямар шинж тэмдэг илэрвэл анхаарах шаардлагатай вэ?
Эмч: Хүүхдээ дагуулаад олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Энэ үйлдлээс үүдэн дахин халдварт өртөх магадлал өндөр.
Томуу, томуу төст өвчний түгээмэл шинж тэмдэг бол ханиалгах, халуурах. Томуугийн үед 39-40 хэм хүрч халуурч ч болно Халуунаа буулгахгүй байсантай холбоотойгоор “татах” эрсдэлтэй.
Хамгийн эхний ээлжид гэрийн нөхцөлд халуун хэмжих багажтай байх хэрэгтэй. Халууны шилээр халуунаа хэмжээд 37.5 ба түүнээс дээш байвал "халуун"-тай гэж үздэг. Энэ үед хүйтэн жин тавих, хувцас нимгэлэх, шингэн бүлээн зүйл ахиухан уулгах зэрэг арга хэмжээг авна.
38 буюу түүнээс дээш халуунтай үед эхний сонголтын эм бол халуун бууруулах зорилгоор парацетамол уудаг. Хүүхдийнхээ нас, жинд нь тохирох тунгаар халуун буулгах парацетамолоо уулгаж эсвэл шулуун гэдсээр хийж болно.
Халуунгүй үедээ ч хүүхэд хоол ундандаа муудах, сульдах, унтамхай болох, шээс ховор гарах гэх мэтчилэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана.
Сэтгүүлч: Томуугийн үед халдвар тараах эрсдэлт хугацаа хэд хоног үргэлжлэх вэ?
Эмч: Эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс нэг хоногийн өмнө тухайн хүний дархлаатай холбоотойгоор долоо хоног хүртэл бусад хүмүүст халдвар дамжуулж болно.
Сэтгүүлч: Энэ үед цэцэрлэг, сургуульд явуулж болох уу?
Эмч: Томуу, томуу төст өвчин болон бусад вирусийн халдвараар өвдсөн, халуурч байгаа тохиолдолд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй.
Гэрт нь 5-7 хоног дулаан байлгаад эмийг нь сайтар өгөх хэрэгтэй.
Сургууль, цэцэрлэгтээ яваад байвал эмчилгээний үр дүн муу. Бусад хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл улам нэмэгдэж байгаа гэсэн үг.
Сэтгүүлч: Томуугийн хүндрэлээс хэрхэн яаж сэргийлэх зөвлөмжийг өгнө үү?
Эмч: Томуугийн эрсдэлт бүлэг буюу 0-2 нас хүртэлх хүүхдүүд, суурь эмгэгтэй, цус багадалттай, сульдаатай бол илүү хүндэрнэ.
Мөн зүрхний төрөлхийн гажиг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд томуугаар өвдсөн үед хүндрэх эрсдэлтэй.
Сэтгүүлч: Томуу, синцитиал, адино гуравласан хос вирусийн давлагааг эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Тэгвэл эдгээр вирусийг хэрхэн ялгах вэ?
Эмч: Томуугийн эхлэл маш цочмог. Халдвар аваад 1-2 хоногийн хугацаанд шинж тэмдэг илэрдэг.
Өндөр халуурах, цаашдаа хордлогын шинжүүд давамгай. Улмаар хүндрэл богино хугацаанд үүсдэг. Цааш хатгаа болж хүндрээд амьсгалын дутагдлын шинжүүд илэрнэ гэсэн үг.
Амьсгалын замын синцитиалын үед шуугиант амьсгал илүү ажиглагддаг. Ялангуяа харшламтгай, жин ихтэй хүүхдүүдэд шуугиант амьсгал илүү тохиолдож байгаа.
Адино вирусийн халдварын үед нүдний салст улайх, үрэвсэхээс эхлэн ходоод гэдэсний замын үрэвсэл, суулгалт явагдана.
Сэтгүүлч: Урьдчилсан сэргийлэх алхмыг хэлнэ үү?
Эмч: Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн алхам бол амны хаалт. Олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй, гарын ариун цэврийг сахих нь чухал.
Уураг, амин дэм, илчлэг сайтай хоол хүнсээр хооллох ёстой. Хүйтэн агаараар амьсгалах нь рино вирус буюу хамрын салстын үрэвслийг үүсгэж, вирусийг цааш амьсгалын зам руу оруулдаг. Амны хаалт зүүх нь хүйтэн агаараар огцом амьсгалахаас хамгаалдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!