Уншиж байна ...
Зураг
Зураг

"Зургаан сар хүртэлх насны хүүхдүүдэд цээж шуугих шинж тэмдэгтэй гуурсан хоолойн үрэвсэл давамгай ажиглагдах боллоо"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний талаар Эрүүл Мэндийн Яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. 

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгааг НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож танилцуулсан юм. 



Нийслэлийн хэмжээнд томуу төст өвчний тархалт 49 дэх долоо хоногийн байдлаар "алаг цоог" дэгдэлттэй байна.

Улаанбаатар хотод амбулаторийн 110,000 үзлэг хийснээс 9,788 тохиолдол бүртгэгдсэн. Түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 10,688 дуудлага ирснээс 18.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. 

Өнгөрсөн жилийн нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагыг харьцуулж тооцвол 68 хувиар дуудлагын тоо ихэссэн. Өөрөөр хэлбэл нэг өдрийн дотор 2,140 дуудлага хүлээн авч байна. 

Одоогоор нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 1,636 ор дэлгэн ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 3,311 хүүхэд үзүүлсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ оны арванхоёрдугаар сарын 9-15-ны хооронд томуугийн 20 амбулаторид уртасгасан цагаар эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Эдгээр амбулаторид 3,299 үзлэг хийснээс 6.3 хувь буюу 211 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх дүн гарчээ. 

Үргэлжлүүлэн томуугийн вирусийн дэгдэлттэй холбоотой мэдээллийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эмч Л.Золзаяа дараах байдлаар хүргэлээ. 



ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хийсэн 223 сорьцод 49 дэх долоо хоногт

  • Томуугийн А дэд хэв шинжийн H1N1 вирус 16.9 хувь
  • Амьсгалын замын синцитиал вирус 67.6 хувь
  • SarsCov2 вирус 15.5 хувьтай гарсан.  

Түүнчлэн адино болон рино вирус орчилд байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 44.7 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлжээ. 

Эдгээр вирусийн эмнэл зүйн шинж тэмдгийг тодруулбал: 

Томуугийн А дэд хэв шинжийн H1N1, H3N2 болон Б дэд хэв шинжийн вирусээр үүсгэгддэг томуу өвчний халдварын эх уурхай нь вирусээр "өвдсөн хүн өөрөө" болдог. 

Нууц хугацаа маш богино буюу хоёр хоног хүртэл үргэлжилж болно. Харин халдвар дамжуулах хугацаа нь өвчний анхны шинж тэмдэг эхлэхээс нэг хоногийн өмнөөс долоо хоног хүртэл бусдад халдвар тараах эрсдэлтэй.

Эмнэл зүйн шинж тэмдэг: 

  • Халуурч, ханиалгах
  • Хоолой сөөх
  • Хамраас шингэн нус гоожих
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Бие сульдах
  • Бөөлжих, суулгах

Томуугийн эрсдэлт бүлэг:

  • Хөхүүл болон хоёр хүртэлх насны хүүхдүүд
  • Уушгины архаг эмгэгтэй буюу астматай хүмүүс
  • Элэг, зүрх, бөөр, бусад бодисын солилцооны эмгэгтэй
  • Мэдрэлийн болон бусад таталтын өвчтэй
  • Дархлаа сул, ХДХВ-ийн халдвартай
  • Удаан хугацаанд дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа, суурь эмгэгтэй 65-аас дээш насны хүмүүс
  • Эрүүл мэндийн ажилтнууд томуугийн вирусээр өвдөх эрсдэлт бүлэгт багтана. 

Амьсгалын замын синцитиал вирусийн нууц хугацаа нь 3-5 хоног үргэлжилнэ. Эхэн үедээ амьсгалын дээд замын хэсэг улайж, үрэвсдэг.

Богино хугацаанд гуурс болон гуурсанцрын үрэвсэл, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Энэ нь зургаан сар хүртэлх насны хүүхдүүдэд илүү халддаг. 

Түүнчлэн амьсгал дутагдлын шинжүүд илэрч байна.

SarsCov2 вирусийн үед эмнэл зүйн хувьд амт, үнэр алдагдах шинж тэмдэг ажиглагдаж байгаа.

Мөн адино вирусийн нууц хугацаа нь 4-12 хоног хүртэл үргэлжилдэг. Хэв шинжээсээ хамаараад адино вирус нь ходоод гэдэс болон амьсгалын дээд зам, гүйлсэн булчирхайн үрэвсэлд хүргэж мэднэ.

ЭХЭМҮТ-ийн Л.Золзаяа эмч хэлэхдээ "Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг ажиглахад зургаан сар хүртэлх насныханд гуурсан хоолойн болон гуурсанцрын үрэвсэл илүү давамгай байгаа. Энэ нь уушгины хатгалгаатай адил шинж тэмдэгтэй.

Цэр бөглөрөх, гуурсан хоолойн булчин агшсантай холбоотойгоор цээж шуугих шинж тэмдэг илүү байна. Энэ нь эмнэл зүйн хувьд хатгаатай төстэй учир хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх хувийг эзэлдэг" гэлээ.