Улс орондоо цэргийн дэглэм зарласантай холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт түүний зүй бус үйлдлүүдийн талаар баримтуудыг парламентын сонсголын үеэр ил гаргаж байсан юм.
Тэдгээрээс нэг сонирхолтой баримт нь Юн Сүк Ёл өглөө ажилдаа очиж амжихгүй болсон тохиолдолд ерөнхийлөгчийн хуурамч цувааг албан өргөө рүүгээ илгээж, олон нийтэд ажлын цаг барьдаг мэт харагдуулдаг байсан тухай байв.
Тухайлбал өнгөрсөн сарын 21 ажлын өдрийн 10 тохиолдолд нь ийм арга хэрэглэж байсныг “шүгэл үлээгч” мэдээлсэн талаар сөрөг хүчний төлөөлөгч мэдүүлжээ.
Ихэнхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, шартсан өглөө ийм арга хэрэглэдэг байсан гэнэ.
Эндээс үүдээд Юн Сүк Ёлын архинаас хамаарах хамаарлын асуудал давхар сөхөгдсөн байна.
Пүрэв гарагт болсон парламентын сонсголын үеэр Өмнөд Солонгосын Үндэсний Цагдаагийн Газрын дарга И Хо Юн ерөнхийлөгчийн хуурамч цувааны асуудал үнэн болохыг хүлээн зөвшөөрчээ.
Энэ үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд замын хөдөлгөөний дүрс бичлэгийг баримт болгон үзүүлсэн байна.
Тухайлбал арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 13:00 цагт ерөнхийлөгчийн өргөөнөөс автомашины хамгаалалттай цуваа гарч явсан нь бичлэгт үлджээ. Гэтэл тухайн өдрийн өглөөний 9:00 цагт өөр нэг цуваа ерөнхийлөгчийн өргөөнөөс гарч явсан нь бас бичигдсэн байв.
Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Ардчилсан Намын хууль тогтоогч Юн Күн Ён өнгөрсөн Баасан гарагт парламентын удирдлагын байнгын хорооны хуралд оролцохдоо ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 21 ажлын өдрийн 10-д нь ажилдаа хоцорч ирсэн баримтыг танилцуулсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!