Япон улсын зүүн бүс нутагт B19 парвовирусийн тархалт сүүлийн 25 жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлжээ.
Уг вирусийн халдварыг “алгадуулсан хацрын синдром” гэж албан бусаар нэрлэдэг нь хүний хацар дээр хурц улаан өнгийн тууралт илэрдэгтэй холбоотой.
Ийм вирусийн халдвар цусны эмгэгтэй болон анх удаа халдварлаж байгаа хөл хүнд эмэгтэйчүүдэд аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. B19 вирусээр халдварласан дархлаа тогтоогүй эмэгтэйд дутуу төрөх болон үр зулбах эрсдэл нэмэгддэг ажээ.
Энэ намраас эхэлсэн B19 вирусийн хурдтай тархалтыг цар тахлын дараа хүмүүсийн дархлаа суларсантай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Тайванийн Халдварт Өвчнөөс Урьдчилсан Сэргийлэх Төв хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдварын голомт болсон Японы зүүн бүс нутгаар зорчихгүй байх зөвлөмж гаргасан нь асуудал ямар ноцтойг харуулж байгаа юм.
Японы эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр B19 вирусийн тархалт наймдугаар сараас өсөж эхэлсэн бөгөөд нийслэл Токио хот болон түүнийг тойрсон мужуудад хамгийн их тархжээ.
Халдвар тархалт шинэ оны эхний саруудад үргэлжлэх төлөвтэй байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Японы мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: NHK
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!