Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүсэлтэй залууст чиглэсэн Зориг сангийн “Байгаль Орчны Манлайлал” хөтөлбөрийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн манлайлагч “М-Си-Эс Кока-Кола” компани дэмжин ажиллахаар болжээ.
“Байгаль Орчны Манлайлал” хөтөлбөр нь байгаль орчны асуудлыг олон нийтэд таниулж, тэдгээрийг шийдвэрлэх залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор найман сарын хугацаатай хэрэгжих юм. Уг хөтөлбөрт хамрагдаж буй залуус дөрвөн багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлнэ.
Зориг сангийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон: Өмнө нь бид гаднын төсөл хөтөлбөрүүд болон бусад нэр бүхий байгууллагуудаас санхүүжилт авч ирсэн туршлагатай. Энэ жилийн хувьд өөрсдийн хог хаягдалдаа хариуцлагатай ханддаг үйлдвэрлэгч компани манай хөтөлбөрийг дэмжин ажиллаж буй нь анхны тохиолдол болж байгаа. “М-Си-Эс Кока-Кола” компани байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулж, манай хөтөлбөрийг дэмжихээр болсонд талархаж байна.
“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ: “Байгаль Орчны Манлайлал” хөтөлбөр нь олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусыг чадавхжуулах зорилготой учраас манай компани энэхүү хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар шийдсэн. Бид үйлдвэрлэлийн явцдаа усны үр ашигтай байдлыг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, хог хаягдалдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах зэрэг байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг байгуулагдсан цагаасаа хэрэгжүүлж ирсэн онцлогтой.
15 дахь жилдээ хэрэгжиж буй “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн энэ жилийн хөтөлбөрт 25 хүртэлх насны 22 залуус шалгарсан байна. Тэдний 70 хувь нь байгаль орчны чиглэлд ажилладаг аж. Ирэх оны 7 дугаар сар хүртэл тэд байгаль орчны бүхий л асуудалтай цогцоор нь танилцаж чадавхжихаас гадна төсөл хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрт нийт 260 залуус хамрагдаж, 52 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!