Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг богино хугацаанд түлхэн унагасан Сирийн босогчдын удирдагч өчигдөр НҮБ-ын тусгай элч Гэйр Педерсоныг нийслэл Дамаск хотод хүлээн авч уулзжээ.
Босогчдын тэргүүлэгч хүч Хаяат Тахрир аль Шам (ХТШ) бүлэглэлийн командлагч Абу Мохаммед аль Жолани 2015 онд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан Сирийн талаар тогтоолыг өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх шаардлагын талаар Педерсонтой хэлэлцсэн байна.
Жоланигийн удирддаг ХТШ-ыг Өрнөдийн орнууд террорист байгууллага гэж үздэг.
2015 оны НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 2254 дүгээр тогтоолд Сирийн улс төрийн зөрчил маргааныг шийдвэрлэх арга замыг тодорхойлохдоо тухайн үед Аль Нусра фронт нэртэй байсан ХТШ-ыг террорист байгууллага ангилалд оруулсан байдаг юм.
Өчигдрийн уулзалтын үеэр Жолани өөрийнх нь бүлэглэл 2016 онд Аль-Кайдагийн салбар болох Аль Нусра фронт нэрээсээ салж, Сирийн иргэний дайны турш бодлого үйл ажиллагаагаа зөөлрүүлсээр ирснийг НҮБ-ын элч төлөөлөгчид мэдээлжээ.
Энэ нэр томьёог өөрчилсний дараа “Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сэргээн босголт, эдийн засгийн хөгжилд анхаарах” шаардлагатай байгааг тэр Педерсонд хэлсэн байна.
Өнгөрсөн шөнө Израиль улсын арми Сирийн эрэг орчмын Тартус боомтын ойролцоох цэргийн байгууламжуудад агаарын томоохон довтолгоо явуулжээ.
Syrian Observatory for Human Rights байгууллага уг довтолгоог 2012 оноос хойш тус бүс нутагт болсон хамгийн том агаарын цохилт гэж тодорхойлсон байна. Цохилтын бай нь Сирийн армийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд, газар-газар ангиллын пуужингийн нөөц байжээ.
Ням гарагт бас Оросын зэвсэгт хүчний нисэх онгоц Хмеймим агаарын баазаас Дамаск хотод байрладаг байсан Орос, Беларусь, Умард Солонгосын дипломатчидыг нүүлгэн шилжүүлснийг ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!