Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.
Ер нь утаа, түгжрэл, зуд гэхгүй л бол монголчууд бид бүтэн жилжингээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлаж цэнгэж байх шиг харагддаг. 2025 он гараад эхний өдрөөсөө л Цагаан сарын уур амьсгал орчихно. Цагаан сар, Наадам гэж хоёр том баярт бэлтгэж амьдралаа, ажлаа, мөнгөө төлөвлөнө. Завсарт нь баярууд ярайна. Ойн баярууд. Байгууллага, салбар, аймаг, сум, нутгийн зөвлөл тасрахгүй. Гавьяатын ба эрдмийн зэрэг цол бусад цол өргөмжлөл хүртсэний найрууд гэж нийслэлийн олон рестораны орлогыг нугалж өгдөг баярууд байна. Тэр байтугай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр, Алтан гадас одонгийн найр, Алдарт эхийн төд төддүгээр одонгийн найр, төгсөлт, хонхны баяр, диплом авсны гээд жагсаалт уртаас урт үргэлжилнэ.
Ёстой л Монгол орон хэлбэртээ дарлуулж, агуулгаа гээж (миний олж харснаар шүү!) дуусаж байна. Баярлаад хөл хөөрцөг болоод байдаг, цаана нь нийгэмд бүх асуудал (зовлон гамшиг, үйл лай) яг бахь байдгаараа үлдчихдэг гэдгийг л би өөрчлүүлэх санаатай бичиж буй хэрэг шүү дээ. Бичсээр ч байх болно.
Өргөмжлөл (бас шагнал) цувж өгч байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт агуулгад нь санаа өгөхөөр ээлжит шүүмжлэлт нийтлэлээ хүргэе. Шагналыг дагасан гонгинооныг бид ханатлаа сонсож байна. Тийм ч гавьяатай, ийм ч үйлстэй, гавьяат нүдээ олсонгүй, тэр яахаараа авдаг юм гэсэн гонгиноон. Хэрэв хөдөлмөрийг нь үнэлэх гэж байгаа бол дор бичих жагсаалтыг анхааралдаа авна уу хэмээн Төр-засгийн дээд эрх баригчдад уриалан дуудъя. Одоо л тусгахгүй бол оройтсон хойно амаа барьдаг үлгэр болчих вий хэмээн түгшиж байна.
Оны ажил дүгнэж байгаа тул “Оны өргөмжлөл” гэдгийг ингэж олгомоор байна. Салбар салбартаа “гавьяат”-аас ч дутахгүй болчихсон тийм нэр хүндтэй шагнал учраас шалгуур агуулгыг нь өөрчилье. Дагалдуулж өгөх мөнгөн шагнал, өөр юу ч сэдэж болохоор юм. Хэрэв цаад нөхөр үнэхээр гавьяатай бол? “ҮНЭХЭЭР ГАВЬЯА” гэсэн шинэ нэршил гаргаж ирье. Агуулгыг нь хэрхэн өөрчлөх жагсаалт дотор тэрхүү “Үнэхээр гавьяа”-г нь суулгаж өгье. Ямар гавьяа вэ гэдэгт жагсаалт үйлдэж Та бүхний сонорт хүргэе. Тэвчээртэй уншиж бясалгана уу!
Улс төрчдөд, төр-захиргааны дарга нарт өгөх оны өргөмжлөл:
УИХ-ын гишүүдэд. Тойрогтоо хэчнээн монгол хүн, хэчнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
Гэх мэт салбар салбараар цааш нь сэтгээд үз дээ. – Үргэлжлэл бий