Бахрейны нийслэл Манама хотод энэ сарын 6-наас 15-ныг дуутал үргэлжилсэн хүндийн өргөлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг өрсөлдсөн.
Тэрбээр огцом өргөлтөд 116 кг, түлхэлттэйд 137 кг өргөж, нийлбэр дүнгээр 253 кг-аар "B" хэсгээ өнгөлсөн билээ.
Улмаар "A" хэсгийн дүн гарсны дараа М.Анхцэцэг огцом өргөлтөд мөнгөн медаль хүртсэн юм. Харин нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэллээ.
Энэ жинд БНХАУ-ын тамирчин, дэлхийн рекорд эзэмшдэг Лиа Гу Фан нийлбэр дүнгээр 278 кг өргөсөн байна.
М.Анхцэцэгийн хувьд дэлхийгээс авч буй тав дахь медаль нь энэ юм.
Манай тамирчин 2021 онд нийлбэр дүнгээр 250 кг өргөж, алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд огцом өргөлтөд хүрэл, 2022 онд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль авч байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!