Уншиж байна ...

Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг дундуураа хуваагдсаны улмаас их хэмжээний түлш Керчийн хоолойд асгарав

Т.Давааням, ikon.mn
2 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт тэнгисийн хүчтэй шуурганы улмаас Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг дундуураа хоёр хуваагдаж, их хэмжээний түлш шатахуун Керчийн хоолойд асгарчээ.

Бас нэг хөлөг энэ шуурганы үеэр эвдэрсэн тухай Оросын албаныхан мэдээлж байна.

Керчийн хоолой нь Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбож, Оросын эх газрыг Крымийн хойгоос тусгаарладаг юм.

15 хүнтэй, 136 метр урт “Волгонефть 212” тээвэрлэгч хөлөг хоёр хуваагдаж, живэх үеэр нэг хүний амь үрэгдсэн байна.

Хөлгийн сүйрэлд аюулгүй ажиллагааны дүрмийн зөрчил нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах ажлыг Оросын эрх баригчид эхлүүлжээ.

Хөлөг дээр ажиллаж байсан 12 хүнийг нүүлгэн шилжүүлсний 11 нь эмнэлэгт хүргэгдэж, хоёрынх нь бие хүнд байгааг Оросын эрүүл мэндийн сайдын туслах Алексей Кузнецов мэдээлсэн байна.

Тус хөлөг 1969 онд үйлдвэрлэгдсэн юм.

Хоёр дахь хөлөг болох 132 метр урт “Волгонефть 239” эвдэрч, тэнгисийн усанд жолоодлогогүй хөвж байгааг Оросын онцгой байдлын яам мэдээлжээ.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хоёр дахь хөлөг дээр байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг түр хойшлуулсан байна.

1973 онд үйлдвэрлэгдсэн уг хөлөг дээр 14 хүн байжээ.

Хоёр хөлгийн аль аль нь 4,200 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачих багтаамжтай юм.

@dailymail An Russian oil tanker split in half after the ship ran aground in stormy weather as a desperate rescue mission is launched to save the crew. Two cargo ships carrying oil products were left severely damaged due to bad weather in the Kerch Strait between mainland Russia and annexed Crimea. There were 13 people on board the tanker which was destroyed and ran aground. Read the full story on DailyMail.com #russia #ship #boat #sea #oil #news #sink ♬ empathy - insensible

Керчийн хоолой нь Оросын үр тарианы экспортын гол зам бөгөөд түүхий газрын тос, түлш шатахуун, шингэрүүлсэн хий экспортлоход бас ашигладаг.

Албаны эх сурвалжууд одоогоор ямар хэмжээний түлш тэнгисийн усанд асгарсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аврах ажиллагааг зохион байгуулах, асгарсан түлшний хор уршгийг арилгах ажлын хэсэг байгуулахыг засгийн газартаа даалгасныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.

Ослын газарт МИ-8 нисдэг тэрэг, аврах чирэгч завь, 50 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын багийг илгээснээ Оросын онцгой байдлын яам мэдээлсэн байна.

Байгаль орчинд учирсан хохирлыг тодорхойлох ажил эхэлснийг Росприроднадзор байгууллагын тэргүүн Светлана Радионова мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters