Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга, МАН болон АН-ын бүлгийн дарга, Засгийн газрын сайд нартай Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, утааг багасгах талаар өнөөдөр уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ тухай Батлан Хамгаалахын сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ерөнхий сайд байх үед Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Үүнтэй адилаар та бүхэн ажлаа сайжруулж, уялдаа холбоотой ажиллавал утааны асуудлыг шийдэх боломжтой гэсэн.
Утааг хоёр дахин бууруулж, цаашдаа гал түлэхгүй байх, инженер байгууламж байгуулах талаар ярьсан. Мөн яагаад ажлын уялдаа холбоо алдагдсан, утаа ихэссэн, Агаар орчныг бууруулах үндэсний хороог татан буулгасан талаар ярилаа.
Өнөөдрийн уулзалтад цагдаа болон тагнуулын байгууллагын удирдлага оролцсон. Утааны асуудалд хариуцлагагүй ажилласан, хууль зөрчиж буй хүмүүст хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх чиглэлийг ерөнхийлөгч өгсөн.
Бүтэн утаагүй болгодоггүй юм гэхэд 2020, 2021 оны хэмжээнд буцааж чадахгүй байгаа. Олон яам тамгын газартай болж, хөрөнгө мөнгө зарчхаад асуудлаа шийдээгүй нь та бүхэн ажлаа сайн хийхгүй байгаатай холбоотой гэж ерөнхийлөгч хэлсэн.
Хотын орлогч дарга энэ уулзалтад оролцсон. Улаанбаатар хотын айл өрхүүдэд 200 мянган угаар хэмжигч байдгийг сольж, шинэчилнэ гэсэн. 30 мянган зуух тараах асуудал яригдсангүй.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шинээр томилогдсон захирлаас түлшний чийглэг хэдэн хувьтай байгааг асуухад 16 хувьтай гэж хариулсан. Стандарт нь 5-6 хувьтай байж утаа гарахгүй, уугихгүй хурдан асдаг юм байна. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлагатай хийх талаар тодорхой хугацаатай чиглэл өгсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!