Уншиж байна ...
Зураг
Зураг

"Он гарснаас хойш 39 хүн угаартаж амь насаа алдсан. Угаарталт нь зориулалтын бус болон цуурсан, хагарсан зуухнаас болж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарын 32,000 айлд 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авч, тэдэнд зээлээр олгохоор тендер зарлаад байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл утааг ойрын хугацаанд бууруулахад ямар шийдэл байгааг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшингээс сэтгүүлчид асуухад "Утааг бууруулахын тулд түлш, нүүрсийг сайжруулж дахин мөнгө зарцуулахгүй, яндангийн тоог бууруулах бодлого барина.

Улаанбаатар хотод 91,000 гаруй өрх ядуу, нэн ядуу түвшинд амьдарч байгаа бөгөөд энэ нь 300,000 иргэн байна гэсэн үг.

Эдгээр 91,000 айл бүрэн болон давхар шаталттай шинэ зуухыг худалдаж авах мөнгөгүй, өнөө маргаашийн хоол хүнс, хүүхдийн сургуулийн зардлыг л өгч чадаж байна. Зорилтот бүлгийн эдгээр айлд зуухыг зайлшгүй өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Зуухыг бололцоонд нь тохируулж, ногоон хөгжлийн зээлээр өгөх юм. Тэд гар хийцийн болон уламжлалт зууханд гал түлж байгаагаас угаарт өртөх эрсдэлтэй учир хүний амь насыг хамгаалах зорилготой.

Ингэхдээ иргэд галлагааны бус үед тодорхой хэмжээний зээлээ төлнө. Харин хичээл ном эхэлсэн, түлш авдаг үеэр зээлийг нь төлүүлэхгүй байх талаар ярилцаж байна.

Он гарснаас хойш 36 хүн угаартаж амь насаа алдсан байсан бол намайг ажлаа хүлээж авснаас буюу аравдугаар сараас хойш гурван хүн амь насаа алдсан. 1,600 гаруй угаарталтын дуудлага ирсэн. Угаарталт нь зориулалтын бус зуухтай, уламжлалт зуух нь хөөлөөгүй, цуурсан, хагарсан зэргээс болж байна.

2012-2014 онд Хас, Өлзий зуухыг олгож байснаас хойш 10 гаруй жил болж ашиглалтын шаардлага хангахаа больсон. 2019 оноос түлж эхэлсэн сайжруулсан түлш нь өндөр буюу 5,500-аас дээш килокалороор шатдаг тул зуухны хэрэглээний хугацаанд ачаалал өгдөг" гэв.

 

Мэдээллийг Zogii.mn шууд дамжуулан хүргэв.